Их Британид анх удаа умай шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Өвчтөний эгч донор болсон бөгөөд хоёр эмэгтэйн биеийн байдал сайн байгаа аж.

Дээрх хагалгааг долоо хоногийн өмнө хийсэн бөгөөд эгч дүүст учирч болзошгүй ноцтой хүндрэлээс зайлсхийж, нөхцөл байдал сайжирмагц мэдээлсэн байна. Мэс заслын эмч нарын ярьснаар, хагалгаа амжилттай хийгдсэний дүнд охин дүү нь үр хүүхэдтэй болох боломжтой болжээ.

Мэс засал Оксфордын нэгэн эмнэлэгт есөн цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Хоёр эмэгтэй хоёулаа нэрээ ил гаргахгүй байхыг хүсчээ. Эгч нь 40 настай, хоёр хүүхдийн ээж бөгөөд дахин төрөхгүйгээр шийдсэн байна.

Түүний дүү ховор тохиолддог Майер-Рокитанский-Кастер-Хаузерын хам шинж (MRKH) өвчтэй, төрөлхийн үтрээ, умайн гажигтай аж. Өсвөр насанд сарын тэмдэг ирэхгүй байх нь энэ өвчний эхний шинж тэмдэг болдог байна. Дэлхий даяар 5000 эмэгтэй тутмын нэг нь энэ өвчнөөр шаналдаг ажээ.

Үүний зэрэгцээ энэ төрлийн синдромтой эмэгтэйчүүдийн өндгөвч асуудалгүй хэвийн ажилладаг, харин умай байдаггүй байна.

Өмнө нь ийм өвчтөнүүд зөвхөн тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болох боломжтой байжээ. Умай шилжүүлэн суулгаснаар хүүхэд төрүүлэхээр болж буй ч байгалийн жамаар төрөх боломжгүй, кесар хагалгаагаар төрдөг байна.

Мэс заслийн тэргүүлэх зэргийн эмч, профессор Смитийн хэлснээр, бүсгүйд суулгасан умай төрөлхийн мэт ажиллаж байгаа ажээ.

Их Британид энэ намар нэгэн эмэгтэйд умай шилжүүлэн суулгах хоёр дахь мэс заслыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ төрлийн мэс засал хийлгэх өвчтөнүүд цөөнгүй байгаа юм байна.

Умай шилжүүлэн суулгах анхны мэс заслыг Лондоны Империал коллежийн профессор Ричард Смит, Оксфордын Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн ажилтан Изабелла Куирога нар гардан хийжээ.

Хагалгааны эхний хэсэг өвчтөний 40 настай эгчийн умайг авах мэс засал байсан бөгөөд нийт найман цаг 12 минут үргэлжилсэн байна. Мэс засалчид цэвэршилтийн үйл явцыг түргэтгэхгүйн тулд эмэгтэйн өндгөвчинд аль болох хүрэхгүй байх зорилт тавьжээ.

Дүү эмэгтэйн биеийг донорын эрхтэн хүлээн авахад бэлдэх зорилгоор цагийн өмнө мэс заслыг эхлүүлсэн байна. Энэ мэс засал есөн цаг 20 минут үргэлжилжээ. Эмч нар хагалгаа тийм амар хялбар байгаагүй бөгөөд эмэгтэй тооцоолсноос илүү буюу хоёр литр (хүний ​​биед агуулагдах нийт цусны хэмжээ таван литр орчим) цус алдсан байна.

Профессор Смит эмэгтэйчүүдийн мэс засалчаас гадна Их Британийн Умай шилжүүлэн суулгах буяны байгууллагын клиник захирал юм. Түүний хэлснээр, энэ хагалгааны арга радикал гистерэктоми (умайг авах)-тай төстэй юм.

Эх сурвалж: BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу