Хамгийн адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар эх оронч болж жүжиглэх байдаг. Цаг ямагт “Монгол” гэж хэлэх дуртай тийм нэг адгийн шаарууд үеийн үед байсаар ирсэн. Үеийн үед улсаа хорлосоор ирсэн. Тухайлбал, “Монгол ялна” гэж байх жишээтэй. Ингэж хэлэх жигтэйхэн дуртай хүнийг Х.Баттулга гэдэг. Манайхан бол ЖЕНКО гэдэг. Дураа хүрэхээр намаа хагалчихдаг, дургүйгээ хүрэхээр нөгөө намтайгаа нийлчихдэг ийм нэг цүл пал монгол гэвэл илүү зохилтой.

“Монгол ялна” гэж хэлээд, улсынхаа хөгжлийг хэдэн жилээр хойш татчихдаг хүн өнөөдөр “Хөх Монголын хөх туг” гэчихсэн шляп малгайгаа духдуулж, духаараа харсан шиг улс төрийн тогоонд жалга биш бодлого ярина гэчихсэн яваа харагдах.

Ардчилсан нам, Монгол Улсыг аль алийг нь живүүлсэн хүн Х.Баттулга. Гэхдээ ичих зүйлгүй, ичнэ гэдгийг мэддэггүй хүний хувьд энэ удаа Ардчилсан намыг аврагчийн дүрээр ард түмэнтэйгээ уулзаж, МоАХ-ныхоо хурал хуйг хийчихсэн явна. “Дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажиллахаар тархи томордог” гээд том тархитай болсноо ярьж байх юм билээ.

Л.Гантөмөр гэж “хий нь гарчихсан бөмбөг” шиг юм л бэмбэгнэж харагдах юм. Унасан ардчилал, Ардчилсан намын нэр хүндийг өргөх юм байх. Гэхдээ намын даргаар сонгогдон хагас жил болсон ч олны өмнө нь ч ил гарсангүй. Ямар ч бодлого шийдвэр танилцуулсангүй. Хажууд нь харин “түгжил” Тулга Хөх туг ярьчихсан дайраад гарч ирж байна. Асар, басар хоёр нохойтой гэдэг шиг УИХ-ын гишүүн С.Ганбаатар, А.Адъяасүрэн нарыг дэргэдээ дагуулчихсан тууж явна.

Өнөөдрийн нөхцөлд яг үнэндээ Х.Баттулгад улсын эрх ашгаас илүү ирэх сонгуульд халаасныхаа 15-20 хүнийг суудалтай болгох тэргүүний зорилт болчихсон яваа. Парламентын гишүүдийн 15-20 хувийг ойрын хүмүүсээрээ бүрдүүлбэл өөрийн тоглолтоо хийх боломж бүрдэнэ. Тэр хэрээрээ нам дотроо ч өөрийн хүчийг хадгална. Намын жагсаалтад орох квот, нэр дэвшүүлэх процесс дээр тэр давуу эрхтэй байхаар Л.Гантөмөрийгөө шахаад эхэлчихэж.

Шахааны барьцанд орж ирээгүй фракцийн төлөөлөл явж ирсэн түүний хувьд толгойны өвчин нь Х.Баттулга болчихов. Тулга нь С.Ганбаатар гэж хорны хүүдийгээ дагуулчихсан яваа. МоАХ-ндоо, АН-даа хайртайдаа тэр ингэж яваагүй юм. Ардчилсан намын ҮБХ-ны хурал энэ сарын 28-нд хуралдах тул үүний өмнө зориудын тойрог хийж байгаа хэрэг л дээ. Ер нь бол Л.Гантөмөрөө араас чинь гишгэсэн мөрийг чинь баллуурдаж л явна шүү гэх санаа юм дагуудаа.

Х.Баттулгын хүссэн квот, нэр дэвшигчийн мандатыг Л.Гантөмөр олгохгүй бол намаа хагалж аваад нам байгуулаад ирэх сонгуульд орчихно. Үүнээс айгаад байх юм байхгүй. Чаддаг зүйлээ л хийж байгаа нь тэр. Намыг хагална гэж шантаажилж байгаад, бараг хувийн намтай болох хүсэл “Женко”-гийн зүрхэнд цохилж байгаа нь үнэн. Муу хэлэгддэг Ц.Элбэгдорж нь Төрийн тэргүүнээс буугаад, улс төр гэж орилж цамнаагүй байхад алдах зүйл ихтэй, айх айдастай хүн л намаа хагалаад ч болтугай эрх мэдэлд хүрэх атгаг санаа тээж явдаг байх.

Энэ сарын 28-нд АН-ын ҮБХ хуралдана. Энэ хурлаас давуу байдлаа ашиглаж чадахгүй бол эрхэм экс Төрийн тэргүүн АН-аас өрх тусгаарлаж, туг муг гэсэн нэртэй намаа байгуулж, өөрийг нь дэмждэг хэсэг хүмүүстэй АН-ын саналыг хуваах ажилдаа шаргуу орж таарна. Эх орончийн дүрээр түүний хоргодох сүүлчийн цайз АН байх уу, АН-аас гал тасдсан өөр нэртэй нам байх уу гэдэг удахгүй тодорхой болох биз ээ. 

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу