Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч, ардын эмч Ж.Хатанбаатарт шаардлага хүрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Ингэхдээ допингийн шинжилгээний хариуг олон нийтэд албан ёсоор мэдээлээгүй хэрнээ сэтгүүлчдэд өгсөн эсэх, шинжилгээний хариу удаж ирж буй шалтгааныг тайлбарлахыг хүсэж, уулзах санал тавьсан байсан. Мөн хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Үндэсний Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг хуулийн байгууллагаар  шалгуулах талаар дурьдсан юм.

Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагын Ерөнхийлөгч, ардын эмч Ж.Хатанбаатар хариу илгээв.

Тэрбээр хариу мэдэгдэлдээ “2023 оны Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу Үндэсний бөхийн 32 тамирчин допингийн хяналтын шинжилгээнд хамрагдсан ба Допингийн хяналтын үйл ажиллагаанд оролцогч талууд үүргээ биелүүлэн ажиллаж байна. 

Допингийн шинжилгээний дүгнэлтүүд бүрэн гараагүй байхад манай байгууллага сэтгүүлчдэд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Бид үүргээ ягштал биелүүлэн ажиллаж байна. 

Иймэрхүү шаардлагыг удаа дараа тавьж буй нь манай байгууллагын “Өөрсдийн үйл ажиллагаа болон шийдвэр гаргалтын талаар бие даасан байх” үүрэг хариуцлага руу халдаж гэж үзэх үндэслэлтэй байна. Ийм оролдлого удаа дараа гарч байгаа тул бид холбогдох байгууллагад хандан шалгуулах болно” гэжээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу