ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлийн удирдагчийн хувийн онгоц осолдож, Евгений Пригожин нас барсан тухай мэдээлэл цацагдсанаас хойш 24 цагийн турш чимээгүй байв.

Тэрбээр хөлсний бүлэглэлийн толгойлогчийг “Амьдралдаа ноцтой алдаа гаргасан”, “авьяаслаг хүн” гэж мэдэгджээ.

Путин өнгөрсөн Лхагва гарагийн орой Москвагийн баруун хойд зүгт унасан онгоцонд сууж явсан 10 хүний ​​ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн ч Пригожин нас барсныг албан ёсоор батлаагүй байна.

Онгоц унасан цагаас эхлэн олон хүний ​​аминд хүрсэн осол юунаас болж гарсан, зорчигчдын жагсаалтад бичсэнчлэн Пригожин онгоцонд үнэхээр байсан эсэх талаар шуугиан дэгдсээр буй юм.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр “АНУ ‘Вагнер’-ын тэргүүнийг ослоор амиа алдсан байх магадлалтай гэж үзэж байна” гэж мэдэгджээ.

Тверь мужид онгоц осолдсон газрын ойролцоох тосгоны оршин суугчид тэнгэрээс онгоц унахаас өмнө хүчтэй чимээ сонссон тухайгаа мэдэгдсэн байна. Оросын зарим хэвлэлүүдэд Пригожины сууж явсан онгоц “хууль бусаар тэсрэх бөмбөг тээвэрлэсэн” тухай мэдээлж байгаа аж.

АНУ-ын нэгэн албан тушаалтан CBS News-т “Онгоцонд дэлбэрэлт болсон байх магадлал хамгийн өндөр” гэж ярьжээ. Telegram сувагт тийрэлтэт онгоцыг “Оросын зенитийн хүчин сөнөөсөн” гэж таамаглаж буй талаар бичжээ.

Өнөөдрийн байдлаар онгоц юунаас болж унасан талаар тодорхой мэдээлэл байхгүй ч албаны хүмүүс “онгоцонд тэсрэх бөмбөг байсан байх магадлалтай” гэсэн таамаглалтай санал нийлж байгаа аж.

Москвагийн “Шереметьево” нисэх онгоцны буудлаас Санкт-Петербургийг чиглэн хөөрсөн онгоцны осолтой холбогдуулан холбогдох ажилтнуудаас байцаалт авч, хяналтын камерын бичлэгийг шалгаж буй юм байна.

Оросын хөлсний “Вагнер” бүлэглэлийн удирдагч Пригожин нэгэн цагт Путинд үнэнч зүтгэдгээрээ алдартай байв. Гэвч өнгөрсөн зургадугаар сард Пригожин Орост бослого гаргасны дараа олон ажиглагч түүнийг “алхаж яваа үхсэн хүн” гэж тодорхойлсон.

Кремль онгоцны ослын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Путин осол болсны маргааш Өмнөд Африкт болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, видео холбоосоор дамжуулан үг хэлсэн ч дэлхийн хүмүүсийн анхаарлын төвд буй онгоцны сүйрлийн талаар огт дурдаагүй юм.

Оросын төрийн тэргүүн Кремлийн ордонд Пүрэв гаригт хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ “Золгүй байдлаар амиа алдсан бүх хүний ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэж хэлсэн байна.

Путин ослын дараа “Вагнер”-ын цэргүүд онгоцонд байсан тухай мэдээлэл авчээ. Тэрбээр “Вагнер”-ын цэргүүд Украин дахь неонацист дэглэмтэй тэмцэх бидний үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулсан хүмүүс” гэж хэлсэн байна.

Пригожин болон түүний зэвсэгт хүмүүс, тэр дундаа олон ялтан хоёр сарын өмнө бослого эхлүүлсэн үйлдлийг Путин “урвасан”, “Оросын ар нуруунаас хутгалсан” гэж тодорхойлоод, шийтгэхээ мэдэгдэж байв.

Гэвч удалгүй тэд тохиролцоонд хүрч, “Вагнер”-ын дайчид Оросын армид элсэх, эсвэл хөрш Беларусь руу нүүх, ямар ч шийтгэл хүлээхгүй байх гэсэн сонголт хийхэд хүрсэн. Улмаар “Вагнер”-ын удирдагчийг Оросын нутаг дэвсгэрт болон олон улсад ч чөлөөтэй зорчихыг зөвшөөрснийг гайхаж байсан Оросын жирийн иргэд болон мэргэжилтнүүдийг “Embraer” онгоц осолдсон нь дахин гайхашруулав.

Өдгөө ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам онгоцны ослын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Оросын шүүх эмнэлгийн шинжээчид хохирогчдын цогцсыг таниулах ажлыг эхлүүлсэн гэж мэдээлж байгаа ч Путин “ДНХ-ийн шинжилгээ хийхэд цаг хугацаа шаардагдана” гэж хэлжээ.

“Вагнер”-ыг үүсгэн байгуулагчдын нэг Дмитрий Уткин болон санхүүгийн асуудлыг нь хариуцаж байсан Валерий Чекалов нар мөн онгоцонд байсан гэж Оросын иргэний нисэхийн албанаас мэдээлсэн билээ.

Оросын удирдагч “Би Пригожиныг 90-ээд оны эхэн үеэс хойш мэднэ. Тэрээр хүнд хэцүү хувь тавилантай бөгөөд амьдралдаа ноцтой алдаа гаргасан. Тэр авьяаслаг хүн, авьяаслаг бизнесмен байсан” гэж хэлжээ.

Холбооны агаарын тээврийн агентлагийн жагсаалтын дагуу тус онгоцонд долоон зорчигч, багийн гурван гишүүн, нийт 10 хүн байсан бөгөөд бүгд амиа алдсан байна. Хохирогчдын цогцос танихын аргагүй болсон талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо ОХУ-ын Эрүүгийн хуулийн 236-р зүйлд зааснаар хөдөлгөөний аюулгүй байдал, агаарын тээврийн ашиглалтын дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

РБК-ийн мэдээлснээр, хэргийг мөрдөн шалгах ажлыг ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Онцгой чухал хэргүүдийг мөрдөн шалгах үндсэн хэлтсийн мөрдөн байцаагч Иван Сибулад даалгасан бөгөөд тэрбээр өмнө нь олны анхаарал татсан онгоцны ослын хэргүүдийг мөрдөн шалгаж байжээ.

Эх сурвалж: BBC
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу