АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс хойш анх удаа олон нийтийн Х (хуучнаар твиттер) сүлжээнд жиргэсэн байна. Удтал жиргээгүй тэрбээр твиттер хуудастаа цэнхэр костюм, цагаан цамц, улаан зангиа зүүсэн, шоронд авахуулсан зургаа нийтэлжээ.

Жоржиа мужийн Фултон тойргийн шоронгийн албан тушаалтнууд өнгөрсөн Пүрэв гарагт Трампыг албан ёсоор баривчилсан билээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан болон одоогийн аль ч Ерөнхийлөгчийг шоронд зургийг нь авч байгаагүй тул энэ зураг түүхэн зурагт тооцогдож байгаа аж.

Трамп энэхүү зургийнхаа дор “Хэзээ ч битгий бууж өг”, “Сонгуульд хөндлөнгийн оролцоо” гэсэн үгүүд бичжээ. Дараа нь тэрбээр өөрийн олон нийтийн сүлжээ болох “Truth Social” дээр нэгэн бичлэг байршуулсан байна. Түүндээ “Би Truth Social-д дуртай, энэ бол миний гэр” гэжээ.

Америкийн удирдагч асныг өнгөрсөн Пүрэв гарагт сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэргээр баривчилж, Фултон дүүргийн шоронд 20 минут орчим хэртэй саатуулжээ. Түүнийг 200 мянган ам.долларын барьцаагаар суллагдаж гарахад шоронгийн байрны гадна хэдэн арван дэмжигчид нь хүлээж байсан аж.

Трамп Жоржиа мужаас Нью Жерси мужийн Бедминстер дэх гольфын клубтээ эргэн очих төлөвлөгөөтэй байгаа бололтой.

Ерөнхийлөгч асныг шоронд P01135809 дугаараар бүртгэж, түүний мэдээлэлтэй бичлэг хорих газрын цахим хуудаст тавигджээ. Түүнд нийтлэгдсэн мэдээллээр, улстөрчийн өндөр 190 орчим см, жин нь 97.5 кг орчим байсан аж.

2021 оны нэгдүгээр сарын 6-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Трампыг дэмжигчид 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг АНУ-ын Конгресс батлахад саад учруулахыг оролдсонтой холбогдуулан улстөрчийн твиттер хаягийг хаасан билээ.

Үүний дараа Трамп өөрийн гэсэн нийгмийн сүлжээ “Truth Social”-ыг үүсгэн байгуулснаа зарласан. Өнгөрсөн жил бизнес эрхлэгч Илон Маск Твиттерийг худалдаж авсныхаа дараа Х сүлжээнд Трампын нэвтрэх эрхийг сэргээсэн ч улстөрч энэ хаягийг ашиглах бодолгүй, “Truth Social”-аа илүүд үзэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: CNN, TASS, DAILY MEAIL
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу