ОХУ-ын Мөрдөн байцаах хороо Тверь мужид болсон онгоцны ослын дараа ДНХ-ийн шинжилгээ хийж дуусчээ. Тус хорооны хэвлэлийн албанаас мэдээлснээр, бүх нас барсан хүний хэн болохыг тогтоосон бөгөөд Евгений Пригожин тэргүүтэй зорчигчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн хүмүүсийн мэдээлэл тохирсон аж.

Холбооны агаарын тээврийн агентлаг өмнө нь зорчигчдын нэрсийн жагсаалтад Евгений Пригожин, Дмитрий Уткин нар байсан гэж мэдээлж байв.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт ОХУ-ын хөлсний цэргийн “Вагнер” бүлэглэлийн өмчлөлийн “Embraer” нисэх онгоц Москвагийн ойролцоо Тверь мужид осолдож, арван хүн амиа алдсан.

Гурван нисгэгч, долоон зорчигчтой Москвагаас Санкт-Петербург чиглэлд ниссэн тус онгоц хөөрснөөс хойш 30 минутын дараа Москвагаас 100 км-ын зайд осолдсон. “Embraer-135” онгоц агаарын орон зайг ашиглах зөвшөөрлийг тогтсон журмын дагуу авч, нислэг үйлдэж байсныг Нислэгийн удирдах газраас мэдэгдэж байв.

Пригожины сууж явсан онгоцонд хоёр удаа дэлбэрэлт болсны дараа унасан гэж “Ройтерс” мэдээлсэн. Ослоос хоёр хоногийн өмнө Африк тивд бичсэн Пригожины дүрс бичлэгийг “Вагнер” бүлэглэлийн цахим хуудсуудаар цацжээ. Тэрээр уг бичлэгт Оросын нөлөөг тив бүрт нэмэгдүүлэхийн төлөө, ялангуяа Африк тивийг Өрнөдийн давамгайллаас чөлөөлөхийн төлөө ажиллаж байгаагаа ярьсан байна.

Евгений Пригожин Путины ойрын хүрээлэлд байсан. Оросын Украинд хийж байгаа дайны явцад Бахмутын тулалдааны талбарт “Вагнер” бүлэглэл амжилттай давшсанаас хойш олон нийтийн сүлжээгээр байр сууриа хүчтэй илэрхийлж, Оросын эрх баригчдад хатуу шаардлага тавьж байсан.

Тэр Оросын батлан хамгаалах яамтай зөрчилдөж, улмаар өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Кремлийн эрх баригчдын эсрэг бослого гаргахыг оролдоод бүтэлгүйтсэн. Энэ нь тэдний харилцааг муутгаж, Пригожины хувьд маш том эрсдэл авчирсан гэж шинжээчид дүгнэжээ. Тухайн үед Путин “Оросын ард түмэн, армийн итгэлийг эвдэж, ар нуруунаас хутга зоолоо” гэж Пригожиныг буруутгаж байсан ч түүнийг цэргүүдийнхээ хамт Беларус руу гарахыг зөвшөөрсөн.

Америкийн Дайны судалгааны хүрээлэн “Орос зургадугаар сарын үйл явдлаас хойш “Вагнер” бүлэглэлийг устгах, сулруулах ажиллагааг хийж ирсэн. Пригожины үхэл тус бүлэглэлийг бие даасан байгууллага байхаа больсныг илтгэх сүүлийн дохио байж магадгүй” гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Al Jazeera “Өдгөө Африк, Беларус болон бусад газруудад байрлуулсан “Вагнер”-ын олон мянган цэргийн хувь заяа хэрхэх вэ, тэд энэ осолд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг гол асуудал” гэж онцолсон байна.

Осолдсон онгоцонд нийт долоон зорчигч, нисэх багийн гурван гишүүн байжээ. Оросын иргэний агаарын тээврийн агентлаг амиа алдсан хүмүүсийн мэдээллийг ил болгов.

Евгений Пригожин

1961 онд хуучнаар Ленинград хотод төрсөн. Бага, өсвөр насандаа хэд хэдэн гэмт хэрэг үйлдэн шийтгүүлж байсан тэрбээр 1988 онд өршөөгдөж, 1990 оноос эхлэн төрөлх хотынхоо зах дээр ээж, хойд эцгийн хамт зайдастай талх (хот дог) зарж эхэлжээ.

Улмаар нийтийн хоолны бизнес нь өргөжиж, 2000-аад оноос эхлэн ерөнхийлөгч Путинтэй ойр дотно болсон. “Путины тогооч” хочтой болсон тэрбээр засгийн газрын олон тендерийг авч, асар их ашиг олдог болжээ.

Хожим тэрээр Кремлийн эрх ашгийг хилийн чанадад хамгаалдаг хувийн зэвсэгт хүчний “Вагнер” бүлэглэлийг үүсгэн байгуулсан байна.

Дмитрий Уткин

“Пригожины баруун гар” гэгддэг, “Вагнер”-ын үүсгэн байгуулагчдын нэг. Гуравдугаар Рэйхийг шүтдэг байсан Уткин тус бүлэглэлд Адольф Гитлерийн дуртай хөгжмийн зохиолчийн нэрийг өгсөн нь “Вагнер” юм. Өмнө нь тэр Оросын цэргийн тагнуулын албаны офицер байсан бөгөөд хоёр ч удаа Чеченьд томилогдож байжээ.

Өдгөө 53 настай Уткин дайны хэд хэдэн гэмт хэрэгт холбогдсон. Тухайлбал, Сирийн Хомс хотод Асадын армиас оргосон хүнийг зэрлэгээр тамлан алж, уг үйлдлийнхээ дүрсийг бичих тушаал өгч байжээ.

Сергей Пропустин

44 настай, “Вагнер”-ын хөлсний цэрэг байсан.

Евгений Макарян

Макаряныг Сирид байлдаж байсан, Пригожины бие хамгаалагчдын нэг.

Александр Тотмин

Пригожины бие хамгаалагчдын нэг.

Валерий Чекалов

47 настай. Владивостокийн уугуул, 2008 оноос хойш Санкт Петербургт амьдрах болжээ. Түүнийг “Вагнер” бүлэглэлийн логистикийн асуудал хариуцсан захирал байсан гэдэг. Тэрээр Орос руу сум, зэвсэг тээвэрлэх ажлыг зохион байгуулсан хэргээр АНУ-ын хоригт орсон байна.

Николай Матусеев

“Вагнер”-ын хөлсний цэрэг.

Кристина Распопова

39 настай онгоцны үйлчлэгч. Ослоор амиа алдсан цорын ганц эмэгтэй. Оросын Челябинск мужийн ерөнхий прокурорын орлогч Евгений Распоповын дүү байсан гэдэг. Хамгийн сүүлд тэр онгоцоо хүлээн өглөөний цай ууж суугаа гэрэл зургаа сошиал сүлжээнд нийтэлсэн байна.

Алексей Левшин

51 настай нисгэгч эхнэр, хоёр хүүхэдтэй.

Рустам Каримов

Пермь мужийн уугуул, 29 настай. Онгоцны хоёрдугаар нисгэгч.

Эх сурвалж: TASS, 24KAНAЛ, EXPRESS
Э.ЭГШИГЛЭН

2 САНАЛ

  1. CHINGISHAANd Jamuh yamar erhem bilee tuunii jovshoorolgui tuund yuch hiisen hench haldaj chaddaggui baisan shig Putend tiim erhem hun tegeheer tuuniig Putenii zovshooroloor hiisen uildel yagaad gevel deglemin tiim yum

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу