Ирэх жил сонгууль болно. Үүнээс урьтаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бодож бодож олсон ганц санаа нь багш мэргэжлээр сурч буй бакалаврын болон магистрын ангийн оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь төр даахаар болов. Сургалтын төлбөрийг нь төр даачихаар жигтэйхэн мундаг багш нар хэдэн мянгаараа төгсөж гарч ирээд, боловсролын салбар хүний нөөцийн хомсдолоос гарчих юм байх.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн хэлснээр, хичээлийн шинэ жил эхлэх бүр 2000 багшийн орон тоо шаардлагатай байдаг ч явцын дунд тэгсхийгээд болчихдог ухааны юм ярина лээ. Манай боловсролын салбарын байгаа үнэн дүр төрх энэ л дээ. Яаж ийгээд багш олж аваад, хичээлийн жилээ дуусгах явдал шиг байгаа юм.

Босго оноо тогтоож өгөхгүй бол ёстой л оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг сайн, муу сурдаг байсан ч хамаагүй багш болж мэргэжилтэй болж авъя гэсэн хүмүүс нэмэгдэнэ. Амьдралын баталгаа, цалин урамшуулал нь ийм бага байгаа үед мэргэжлээрээ ажиллах хүн тийм ч олон гарч ирэхгүй.

Энэ бол боловсролын сэргэлт яавч биш. Төлбөрийг нь төр даана гэж хэлчихээд, заал дүүрэн цугласан хүмүүс алга нижигнүүлэн таших нь Л.Оюун-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нартаа л кайф байдаг юм байгаа биз.

Төрийн албаныхан, тэр дундаа багш нар БНСУ руу ажил хийхээр зорьж байна. Сургалтын төлбөрийг нь төр даасан ч цалин багатай багшийн ажилд очих хүн байхгүй. Багш мэргэжилтэй, БНСУ-д ажиллах сонирхолтой хүмүүсийн цуваа л үргэлжилнэ. Үнэхээр багш болъё гэсэн хүн сургалтын төлбөрөө төлөөд мэргэжлээрээ ажиллана. Сургалтын төлбөргүйдээ багшийн ажлаас зугтаад байгаа юм биш.

Даанч амьдралын баталгаа байхгүй учраас харь орныг хэдэн мянгаараа зорьж байна. Дахиад ч харийн орныг зорих хүмүүсийн цуваа тасрахгүй. Солонгост очоод хоёрхон хоног ажиллаад, Монголд 20 хоног үйлээ үзэж, үсээ зулгааж олдог цалингаа авч байхад Л.Оюун-Эрдэнийн мянга уран донгодох хэнд хамаатай гэж. МАН зүүн төвийн үзэл баримтлалтай. Энэ хүрээндээ ийм шийдвэр гаргаж болох ч улсаа хорлох шийдвэрээс холдож л байвал сайн сан.

Боловсролдоо хөрөнгө зарахгүй бол ирээдүйд шоронд мөнгө зарна гэсэн үг бий. Сайн багш нараар хичээл заалгаж, улс орныхоо ирээдүйг бэлдэхгүй бол ирээдүйд шоронгийн хаалга татах хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэж ойлгож болно.

Багш нарын цалинг Солонгос явахгүй хэмжээнд хүртэл нэмж, багш болох хүмүүсийн босго оноог өндөр болгож өгвөл тэнд өрсөлдөөн бий болно.

Түүнээс гуйж багшийн мэргэжил эзэмшүүлээд, харь улсад ажиллуулаад байвал энэ салбар хөгжихгүй. Жил бүрийн намар 2000 багшийн хомсдолтойгоо нүүр тулсаар байна. Тэнэг хүн санаачилгатай байх их л аюултай даа, энэ улсад. Ирээдүйд хор хөнөөл нь үүнээс хэд дахин дордсон дүр зураг л угтана.

Гаргаж буй шийдвэр бүр нь ирэх сонгуулийг бодсон бус, улсаа бодсон шийдвэрүүд гаргадаг байгаарай, Ерөнхий сайд аа. Сургалтын төлбөрийг тэглэх чинь шийдэл биш. Ирэх зуныг угтсан сонгуулийн шоу болж байгааг бүгд харлаа. Нийгэмд хэрэгцээ шаардлагатай боловсон хүчний хомсдол дээр улс төрийн оноо авах харалган шийдвэрээ хэзээ бүрэн гүйцэд эргэж харах вэ.

Ямар ч шийдэлгүй амнаасаа гаргасан хариуцлагагүй үгс чинь төрийн албаны бусад хүмүүсээ багш нарын эсрэг босгох хангалттай шалтаг болчихлоо. Цагдаагийн академи, анагаахын оюутнуудаас эхлээд төлбөрөө төрөөр даалгана гэвэл хаашаа харж унах гэж байна вэ. Харвардад сурсан гэхэд харалган шийдвэрүүд даанч их гаргаж байна даа.

Э.МӨРӨН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу