Энэ жилээс эхэлж, 2030 он хүртэл багш мэргэжил сонгон суралцах оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлөх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Мөн багш мэргэжлээрээ Монголдоо магистрын зэрэг хамгаалах бол төлбөрийг нь бүрэн даахаар болсон юм. Энэ шийдвэр багш нарын бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулж байна. 

Бид энэ талаар Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатартай ярилцлаа. 

-Юуны өмнө багш, боловсон хүчний дутагдлын талаар яриагаа эхэлье. Энэ жил нийслэлийн сургуулиудад зарласан багшийн орон тооны зарыг харсан. 2000 орчим багш ажилд авахаар байгаа юм билээ. Улсын хэмжээнд багшийн дутагдал хэр их байна вэ?

-Боловсрол гэдэг бол аливаа улс орны хөгжлийн тэргүүлэх салбар байдаг. Ирээдүйд эрдэм мэдлэгтэй, зөв хандлагатай иргэн бэлтгэхэд хамгийн чухал нөлөөтэй. Харамсалтай нь, сүүлийн 30 жил Монголын төр багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдэж, цалин хөлсийг нь нэмж чадсангүй. Үүний горыг бид сүүлийн хэдэн жил амсаж байна. Боловсролд анхаараагүйн хор уршиг ойрын хугацаанд биш нэг үеийн дараа илэрдэг юм байна.

Нэг сургуульд дунджаар 10-15 хувийн багшийн орон тооны дутагдал бий болсон. Өнгөрсөн жил ч гэсэн яг л ийм хэмжээний багшийн хомсдолтой байсан. Явцын дунд нөхдөг гэж Л.Энх-Амгалан сайд мэдэгдсэн. Гэхдээ яаж нөхөгдөж байгаа нь мэдэхгүй. Энэ жил ч гэсэн багшийн хомсдол хэвээр байна. Ялангуяа бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн ажлыг хийх хүн олдохгүй байна. Үүний гол шалтгаан нь цалин, нийгмийн баталгаа.

Багш нар сард 300 ам.долларын цалин авч, өрнөөс өрний хооронд амь аргацааж амьдарч байна. Үүнээс дийлэнх нь залхаад боловсролоос дүрвэж байна. 

БНСУ руу маш олон багш гарч явсан. Өөр салбар руу хөрвөж, бизнес эрхэлж буй хүмүүс ч байна. 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багшийн мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг 100 хувь хөнгөлнө гэлээ. Үүнийг хэр оновчтой шийдэл гэж та бодож байна вэ?

-Багш мэргэжилтнийг олноор бэлтгэх шаардлага бий. Гэхдээ оновчтой шийдэл гэж харахгүй байна. Нэг удаагийн гал намдаасан шийдвэр гаргалаа. Учир нь залуус сургалтын төлбөргүйдээ багш мэргэжлээр суралцахгүй байгаа юм биш. Амьдралын баталгаагүй учраас сонгохгүй байгаа юм.

Тухайлбал, IT, уул уурхайн чиглэлийн маш олон мэргэжилтэн бэлтгэгдэж байна. Ийм мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдийн эцэг, эх өр зээл тавиад ч хамаагүй хүүхдээ сургадаг. Үүний учир нь тухайн хүүхэд сурч, төгсөөд ажиллахад цалин нь өндөр, амьдралын баталгаа нь хангалттай учраас хошуурч байна.

Багш гэдэг маш сайхан мэргэжил. Хамгийн гэгээтэй, хамгийн сайхан мэргэжил. Гол нь амьдралын баталгаа байхгүй учраас л залуус багш мэргэжлээр суралцахгүй байгаа юм. 

Мөн ЭЕШ-д 700 оноо авбал 70 хувийн, 750 ба түүнээс дээш оноо авбал 100 хувийн хөнгөлөлт үзүүлдэг журам МУБИС-д одоо ч бий. Гэсэн ч багшаар суралцах хүн олдохгүй байна. ЭЕШ-даа өндөр оноо авсан хүүхдүүд багшийн мэргэжил сонгохгүй, өндөр цалинтай өөр мэргэжил сонгож байна. 

-Цалинг нь нэмж байж багшийн хомсдол арилна гэсэн үг үү?

-Тийм. Манай улс боловсролын шинэ сэргэлтийг эхлүүлж байгаа л юм бол багшийн цалинг нэмэх хэрэгтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Багшийн цалинг хоёр жилийн дотор 1000 ам.доллар болгоно” гэж хэлсэн бол маргааш МУБИС-ийн гадна залуус дугаарлаад зогсох байсан юм. Тэд багш болохыг мөрөөдөж эхэлнэ. Мөн мэргэжлээрээ ажиллахаа больсон олон багш нар буцаад багшаа хийнэ гэж итгэж байна. 

Нэмээд хэлэхэд, нийгмийн чиг хандлага гэж зүйл бий. Эцэг, эхчүүд багш руу бүх бурууг тохож, нийтээрээ дайрдаг. Энэ хандлагыг өөрчилмөөр байна. Багшийн цалингаар орон сууцны ипотекийн зээл олдохгүй байна. Үүнийг шийдэж, багш нарт хөнгөлөлттэй нөхцөлөөр байр олгодог болох хэрэгтэй. Эцэст нь, сайн багштай болъё гэвэл өндөр цалин амлах хэрэгтэй. Сайн цалинтай, сайн багш бол сайхан ирээдүйг бүтээнэ. 

-Хэрэв энэ шийдвэр хэрэгжээд эхэлбэл танай үйлдвэрчний эвлэлийн холбооноос ямар нэгэн арга хэмжээ авах уу, шаардлага хүргүүлдэг ч юм уу?

-Нийгэм хоёр талцаад эхэлж байна. Тэгэхээр Засгийн газар энэ шийдвэрээ эргэж харах байх. Бид эсэргүүцлээ илэрхийлье гэхээр олон нийт биднийг өөрөөр хараад байдаг юм. Багшаар суралцах оюутны төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх болно. Тэгэхээр татвар төлөгч иргэн бүр бидэнтэй нэгдэж, хамтдаа шаардах хэрэгтэй байна.

Видео хэлбэрээр үзэх: 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу