Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнөөдөр /2023.08.28/ түгжрэлийг бууруулах талаар хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээ, төлөвлөгөөгөө танилцууллаа. 

Энэ үеэр тэрбээр “Өнөөдрийн байдлаар 2,882,000 гаруй хүн зорчилт хөдөлгөөн дээр захирагдаж байyа. Үүнээс 1,844,683 гаруй буюу 64 хувь нь хувийн автомашинаар, 24% буюу 691 мянга гаруй хүн автобусаар явж байна. 

Тиймээс цаашид Улаанбаатар хот дотор хувийн автомашинаараа зорчдог байдлыг урамшуулсан, дэмжсэн бодлого явуулахгүй. 

Түгжрэлийг бууруулах гол аргачлал юу вэ гэхээр,

  • Нийтийн тээврийн үйлчилгээгээг дэмжиж, сайжруулна,
  • Дэд бүтцээ хөгжүүлнэ.
  • Энэ хоёр руу эдийн засгийн бүх хүчээрээ шахна. Чадахгүй бол захиргааны аргаар автомашины тоог хүчээр цөөлнө. 

Импортын машины хэрэглээг бууруулахын тулд,

  • Татварыг нэмэгдүүлэх,
  • Хуучин машинуудыг хязгаарлах,
  • Буруу хүрдтэй машинуудыг зохицуулах гэсэн асуудал яригдаж байна. 

Буруу хүрдтэй автомашиныг хязгаарлах гэхээр бодит байдал дээр замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудын 70 гаруй хувь нь буруу хүрдтэй байна. Тэгэхээр дүрэм, бодит байдал хоёр зөрчилдөнө.

Импортын татварыг нэмэгдүүлэх гэхээр Улаанбаатарын түгжрэлээс болоод түгжрэлгүй, утаагүй орчинд амьдардаг хөдөө орон нутгийн иргэд хохирно.

Хуучин автомашины импортыг хязгаарлах гэхээр эдийн засаг эмзэг, хүмүүс эмзэг байгаа учраас үүнийг харгалзах хэрэгтэй болчихоод байна. Эдгээрийг нарийн хэлэлцэж байна.

Одоо биш юмаа гэхэд 2025 онд бид зохицуулалтын механизмаа авч үлдэх шаардлагатай. Түгжрэлийн төлбөртэй бүсийн асуудлыг мөн ярилцаж байна. Хотын төв хэсэг үл хөдлөх хөрөнгийн татварын хувьд ч, зогсоолын хувьд ч, зам ашигласны төлбөрийн хувьд ч өндөр болгох ёстой. Энэ бодлогыг энэ ондоо багтааж хийж чадахгүй байлаа гэхэд 2025 оноос хэрэгжүүлэх нь гарцаагүй” гэлээ. 

Видео хэлбэрээр үзэх:

                     

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу