Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2023.08.28) 21 дэх “Өглөөний уулзалт”-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийлээ. 

Энэ үеэр авто замчид энэ салбарт хөрөнгө оруулалт тогтвортой байх, ажиллагсдын цалин нэмэх, улирлын чанартай ажил учир өвлийн саруудад нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, замуудын их засварт төсөв шийдэж өгөх, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагатай болох зэрэг тулгамдсан асуудлаа Ерөнхий сайдад уламжиллаа.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын санг бие даалгах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгоод, “Та бүхэн шийдлээ гаргавал ирэх оны төсөв хэлэлцэх үеэр их засвартай холбоотой төсвийг шийдэж өгье” гэж мэдэгдсэн байна.

Мөн “Тендер авчихаад хариуцлагагүй хандсан компаниудыг хар жагсаалтад оруулна. Хар жагсаалтад орсон компаниуд төрийн ямар ч худалдан авалтад оролцох эрхгүй. Ажлаа хариуцлагатай хийдэг компаниуд ялгарч үлдэнэ” гэж онцолжээ.

Авто замчид түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга зэргийг зам барихад ашиглаад хууль зөрчсөн гэж цагдаагийн байгууллагад шалгуулдаг явдал цөөнгүй гардаг байна. Иймд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа замын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахад сум, орон нутгийн удирдлага дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болжээ. Мөн авто замын сангуудад аудит оруулахаа Ерөнхий сайд мэдэгдсэн аж.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу