Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны ээлжит бус хуралдаан болж байна. Энэ хурлаар ҮБХ-ны 504 гишүүнийг сонгож, дотоод асуудлуудаа цэгцлэхээр төлөвлөжээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Дүрмийн дагуу заалнаас нэр дэвших боломжгүй. Яагаад гэвэл намын дарга өөрийнхөө удирдлагын багийг гаргаж ирж буй учраас тэр юм. Мөн ҮБХ бол АН-ын шийдвэр гаргадаг байгууллага. Үүнээс цааш бидэнд цаг байхгүй. АН ажилдаа орох цаг болсон. Нам өөрийн хамаарах зүйлийг шийдээд явах ёстой. Цаашдаа ҮБХ-д шинэ салхи, шинэ хүмүүс оруулах зайлшгүй шаардлага бий” гэв.

2023 оны хоёрдугаар сард дээд шүүх АН-ын даргаар Л.Гантөмөрийг сонгосон. АН-ын гишүүд АН гэсэн нэрийн дор үйл ажиллагаагаа нэгтгэж, хуралдахаар болжээ. АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюундарь хэлэхдээ “Энэ хурлаар дотоод зохион байгуулалтын ажлыг чамбайруулна. АН-д олон үзэл бодлын зөрүү бий. Гэхдээ нээлттэй, олон намаас бүрдсэн фракцтай учраас үзэл бодлоо илэрхийлж буй асуудал нь жирийн үзэгдэл. АН-д цаг хугацаа бага үлдсэн учраас энэ хурлаараа намынхаа дотоод бүтцийн асуудлыг идэвхжүүлнэ гэж” хэлэв.

Тус намын даргын зөвлөх Н.Амаржин “Хурлаар ҮБХ-ны 504 гишүүн томилогдох ёстой. Шинэ хүмүүс орж ирээсэй гэж найдаж байна. Сонгууль болоход 10 сар хүрэхгүй хугацаа үлдсэн. ҮБХ-ны асуудлаа цэгцлэхгүй бол болохгүй болоод байна. Ямартай ч АН нийгэмдээ шинэчлэл авчрах ёстой.

Халамжийн бодлогоос зайлсхийж, бизнесүүд, залуу хүмүүсээ дэмжсэн чиг хандлагатай хүнийг удирдлагаар сонгоосой гэж хүсэж байна. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг бид харж байна. Бүх түвшинд дуугарах цаг болсон.

Сөрөг хүчин болж гудамжинд орилоод хангалтгүй гэж бодож байна. Төгрөгийн ханшаас эхлээд олон шинэлэг бодлого дэвшүүлэх хэрэгтэй. Энэ утгаараа сөрөг хүчний ажлыг янз бүрээр хийж байна. Хийсээр ч байх болно. Сонгуулиар л иргэд дүнгээ тавих байх” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу