Дэлхийн “үйлдвэрийн хөдөлгүүр” шинэ эрч хүчээр ажиллаж эхэлсэн боловч зургаан сарын дараа дахин ганхаж эхлэв. Хятадууд мөнгө үрдэггүй. Тэнд бизнес хөгждөггүй. Барууны орнуудтай зөрчилддөг нь гадаадын хөрөнгө оруулагчид, худалдааны түншүүдийг айлгадаг. Өсөлтөд зориулсан хуучин “жорууд” хэрэгцээгүй болсон ч шинэ “жорууд” маш хязгаарлагдмал хэвээр байгаа нь Хятадын эдийн засгаас хараат дэлхий даяар муу мэдээ юм.

Дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний тавны нэгийг бүрдүүлдэг тус улсын эдийн засгийн удаашрал дэлхий дахинд бүхэлд нь нөлөөлөх билээ. Эрэлт цар тахлын үеийн дээд түвшнээсээ буурсантай зэрэгцэн БНХАУ-ын импортын бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн есөн сард уналттай байв.

Ази, Африк, Хойд Америкаас авах импортын барааны үнэ долдугаар сард өмнөх оны мөн үеэсээ бууралттай байсан бөгөөд тэр дундаа Ази, Африкийн импортын бараа үнэ оны эхний долоон сард 14 хувиар буурчээ.

Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Хятадын эдийн засгийн мэдээллийг онцолж байна.

Ши Жиньпиний эдийн засаг яагаад өсөхгүй байна вэ?

Хятадын Ардын банк нэг жилийн хугацаатай зээлийн хүүг 3.55 хувь байсныг 3.45 хувь болгож бууруулсан. Цар тахлын үр дагавруудыг арилгаж буй тус улсын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, экспорт бууралт, хэрэглээний зардал сулрах зэрэг асуудлуудтай тулгарч буй юм.

Ардын банк Хятадын өрх болон бизнесүүдийн зээлийн дийлэнхийг бүрдүүлдэг нэг жилийн зээлийн хүүгээ хамгийн сүүлд энэ оны зургадугаар сард бууруулсан.

Хятадын хүндрэлүүд Украинд тусгай ажиллагаа явуулж буй ОХУ-ын хувьд нэн тааламжгүй.

Тус улсын эдийн засгийн өсөлт удааширсан нь дөрвөн шалтгаантай гэж шижээчид тайлбарлажээ. Үүнд: нэгдүгээрт, Хятад дэлхийн эрчим хүчний хамгийн том худалдан авагч. Түүний зовлон бэрхшээл Оросын экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тосны үнийг бууруулж буй. Иймд сайн дураараа үйлдвэрлэлээ бууруулж, Европын орнуудад Кремлийн эхлүүлсэн дайны улмаас барууны орнуудын хориг арга хэмжээний хүрээнд аль хэдийнэ хязгаарлагдсан орлогынхоо нэг хэсгийг өгөхөөс өөр аргагүйд хүрч байна.

Хоёрдугаарт, Украиныг эзлэн түрэмгийлсний улмаас Орос улс сүүлийн хэдэн арван жилд хөгжсөн барууны зах зээл, технологи, хөрөнгө оруулалтад нэвтрэх боломжгүй болсон. Одоо Хятад улс тэдгээрийг солино гэж Кремль найдаж байна. Иймд Хятадын асуудал бол Кремлийн асуудал юм.

Гуравдугаарт, Хятадын эдийн засагт саад учруулж буй гол “тормоз”-ны нэг нь АНУ-тай хийж буй худалдаа, технологийн дайн. Ши Жиньпиний шинэ бодлого яг энэ саадыг арилгах, эс бөгөөс үр дагаврыг нь багасгахад чиглэгдэж буй.

Оростой ойртож, Владимир Путиныг дэмжих аливаа арга хэмжээ нь Хятадад үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлж, Хятадын барааны гол зах зээл болох Европын холбоотой сайн харилцаа тогтоох Ши Жиньпиний хүчин чармайлтыг улам хүндрүүлнэ.

Дөрөвдүгээрт, дайны улмаас Европт хямрал үүсч, хөрөнгө оруулалт, хэрэглээний зэрэгцээ эдийн засгийн гурван гол хөдөлгүүрийн нэг болох Хятадын импортыг худалдаж авах мөнгө багасч байна. Оросын “түрэмгийлэл”-ийн өдөр бүр Хятадад шууд хохирол учруулж буй.

Сүүлийн хоёр сарын статистик мэдээллээс харахад, хятадууд мөнгө үрэх болон бизнест хөрөнгө оруулалт хийх гэж яарахгүй байна. Дотоодын аялал жуулчлал багасч, хүн амын орлогоос шалтгаалж орон сууц, автомашины борлуулалт буурчээ.

Аж үйлдвэрийн салбарт сүүлийн гурван сар дараалан бизнесийн идэвхжил буурч, үйлчилгээний салбарын сэргэлт буурч, уналтад оров. Юанийн ханш унаж, 15 жилийн өмнөх төвшиндөө хэдийнэ хүрчээ.

Хятадын гайхамшигт юу саад болж байна вэ?

Үл итгэх. Хятадууд амьдрал сайжирч байна гэдэгт итгэхгүй байгаа явдал. Хятад дахь “түгжрэл” дэлхийн бусад орнуудаас хамаагүй урт бөгөөд илүү хүнд байсан. Түүний сорви улам гүнзгийрч, илүү удаан бүдгэрч байна.

Хүн амын орлого тахлын өмнөх шиг өсөхөө больсон. Хүмүүс ирээдүйгээсээ айж, эрх баригчдад итгэдэггүй, мөнгө үрэхгүй хуримтлуулж, эсвэл өрөө төлж байна. Компаниуд хөгжилд хөрөнгө оруулах гэж яарахгүй байна.

Баруунтай зөрчилдсөн хэвээр. Хятад улс барууны худалдааны бага түншийн хувиар даяаршлын замаар баяжиж, дэлхийн хоёр дахь эдийн засаг болон хөгжсөн. Ши Жиньпин эх орондоо авторитар захирагч болохоо баталж, дэлхийн тавцанд өөрийгөө харуулж эхлэв. Симбиоз нь дэлхийд манлайлахын төлөөх өрсөлдөөнөөр солигдож, барууны орнууд худалдаа, технологийн дайнд Хятад руу явсан. Гэр бүл салалт дөнгөж эхэлж байгаа бөгөөд дэлхийн шинэ дэг журам ямар байх нь тодорхойгүй хэвээр байна.

Олон улсын гадаад харилцааны судлаач Янжун Хуан “Цаг хугацаа өнгөрөхөд хоёр тал хүйтэн дайны үеийн АНУ, ЗСБНХУ-ын адил шинэ бодит байдалд дасан зохицож, хамтын ажиллагааны орон зайг өргөжүүлэх шинэ дүрэм боловсруулна гэж найдаж болно” гэж бичжээ.

Барууны хөрөнгө оруулалт багассан. Орос, Украины мөргөлдөөн гадаадын компаниудыг айлгаж байна. Тэд Хятадад хөрөнгө оруулалт хийх гэж яарахгүй байгаа нь нэгэнт тогтоогдсон хязгаарлалтаас болоод ч юм уу, Украин, Тайвань зэрэг ирээдүйн хориг арга хэмжээнүүдээс айсандаа ч юм уу. Барууны компаниуд үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн тулд шинэ газар хайж байгаа бөгөөд тэдний мөнгө Энэтхэг, Вьетнам, Египет, Турк, Мексикийг чиглэж байна.

Хятадаас мөнгө чөлөөтэй татах боломжгүй, гадаадын иргэдэд Хятадын санхүүгийн хэрэгсэлд оруулах хөрөнгө оруулалт хязгаарлагдмал, ашиг орлого нь хөгжингүй олон орныхоос доогуур. Иймд Хятадад шууд хөрөнгө оруулалт төдийгүй багцын хөрөнгө оруулалт татах нь илүү хэцүү.

Өмнөх өсөлтийн эх үүсвэрүүд бараг шавхагдсан. Эдийн засгийг нөхөх өсөлт бүрэн хангагдсан. Хотжилт, үйлдвэржилтийн ногдол ашгийг төлж, хөдөлмөрийн насны хүн амын хурдацтай өсөлт эрт дээр үеэс бий болсон.

Хятадын эдийн засгийн олон жилийн бүтцийн гажуудлыг засах боломжгүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямралтай хэвээр, төрөлт буурч, залуучуудын ажилгүйдэл эсрэгээрээ нэмэгдсээр буй. Хөдөлмөрийн бүтээмж өмнөх хурдаараа өсөхгүй удаж байна.

Үүнд Ши Жиньпиний засаглал буруутай гэж Брюгелийн судалгааны төвийн шинжээчид үзэж байна. Түүний засаглалын эхний арван жилд зах зээлийн шинэчлэл зогсонги байдалд орж, эдийн засаг дахь төрийн үүрэг эрчимжсэн гэж тэд бичжээ. Ши Жиньпин эрх мэдлээ нэгтгэх, Коммунист намын үүргийг бэхжүүлэхээс эдийн засаг, нийгэмд илүү эрх чөлөө бий болгож, бодит эргэлт хийхэд бэлэн байгаа нь юу л бол гэж шинжээчид дүгнэж байна.

Энэ бүх асуудал эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болох экспорт, хувийн хөрөнгө оруулалт, хэрэглээ муудахад хүргэсэн.

Зах зээлийн болон бодлогын шинэчлэл хийгдээгүй үед удаашралтай байсан өмнөх үеийнх шиг төсвийн хөрөнгө оруулалт, татаасаар тэднийг дэмжих боломжтой.

Эдийн засагчид, бизнес эрхлэгчид Хятадын эрх баригчдыг ингэж уриалж байгаа бөгөөд төрийн дэмжлэггүйгээр эдийн засаг сэргэхгүй гэдгийг эрх баригчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна.

Хятад улс Япон маягийн дефляцид орж болзошгүй

Эдийн засагчид 2008 оны Америкийн их хямралтай төстэйгөөр Хятад “бүдэрч унах” нь хэнд ч ашиггүйг онцолж буй юм. Гэвч Хятадын эдийн засгийн уналт АНУ-д ашигтай байх болов уу гэж үзэх нэгэн ч байгаа аж.

Эдийн засгийн уналтын улмаас Хятад улс түүхий эд бага хэрэглэнэ гэсэн үг бөгөөд үүний үр дүнд түүхий эдийн үнэ буурах магадлалтай. Эсрэгээрээ энэ нь АНУ-ын хэрэглээний үнийн бууралтад нөлөөлж байсан зарим дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй юм.

Хятадад тулгамдаж буй асуудал зөвхөн Хятаддаа үлдэхгүй нь тодорхой. Тус улс Япон маягийн дефляцийн нөхцөл байдалд орж магадгүйг ажиглагчид онцолж байна. Энэ нь Хятадад томоохон бизнес эрхэлдэг АНУ-ын компаниудад эрсдэлд оруулж мэднэ гэсэн үг аж.

Сүүлийн үеийн мэдээллээр, олон улсын хөрөнгө оруулагчид БНХАУ-ын хөрөнгийн зах зээлээс хэдийнэ 10 гаруй тэрбум ам.доллар буцаан татжээ. Хямралд ороод буй хөрөнгийн зах зээлдээ хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах төлөвлөгөөт арга хэмжээний хүрээнд БНХАУ 2008 оноос хойш анх удаа хувьцааны арилжааны тэмдэгтийн хураамжаа бууруулсан байна.

Дашрамд дурдахад, нэгэн цагт Хятадын хамгийн өндөр борлуулалттай үл хөдлөхийн компани байсан “Evergrande” эрчимтэй өргөжин тэлж, тус улсын хамгийн том компаниудын нэг болохын тулд 300 тэрбум гаруй ам.долларын өрөнд оржээ.

Тус компани 2021 онд 1.2 тэрбум ам.долларын олон улсын зээлийн хүүгийн төлбөрөө төлж чадахгүйд хүрч, өдгөө зээлдүүлэгчидтэй байгуулсан гэрээгээ шинэчлэхээр ажиллаж буй.

“Evergrande” компани жил хагасын дараа Хонконгийн хөрөнгийн биржид арилжаа эхлүүлэх үед хувьцааны ханш нь 80 орчим хувиар унав.

Хятадын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн компаниудын эсрэг хатуу арга хэмжээ авснаар сүүлийн гурван жилийн хугацаанд “Evergrande”-ийн хувьцааны үнэ цэн 99 гаруй хувиар буурсан байна.

Эх сурвалж: ВВС, TASS, BLOOMBERG
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу