Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдааны мэдээллийг харж байхад Л.Гантөмөр 2024 онд Ардчилсан намаа ялуулах хүсэл хийгээд зориг үнэхээр байхгүй юм байна гэдэг нь харагдлаа.

Тамга, тэмдгийн маргаантай, жинхэнэ, хуучин намын даргатай он жилүүддээ цэг тавьж, өнгөрөгч хоёрдугаар сард Л.Гантөмөрийг намын даргаараа сонгосон. С.Эрдэнэ, Х.Баттулга нар өөрт байсан тамгануудаа Л.Гантөмөрт өргөл барьц мэт өргөснөөр нам доторх тамганы хэрүүл нь албан ёсоор өндөрлөсөн.

Жинхэнэ намын даргаас өнгөрсөн хугацаанд жинтэйхэн бодлого гарсангүй. Фракц бүрийнхээ дунд тэлээ хурга шиг тэлж, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын өрөөний үүдийг сахиж, өдөр хоногуудыг өнгөрүүлсээр өчигдөртэй золгов.

ҮБХ-ны хурлаа эхлүүлэх гэж дөрвөн цаг сунжирч, үүнийгээ эрүүл нам ингэж дотроо ил цагаан юмаа шууд ярьцгаадаг хэмээн өмөөрч харагдсан. Ардчилсан нам Монгол ардын нам биш гэдгийг бүгд мэднэ.

МАН шиг хуралдаж, хайрцагласан асуудлаа ярсхийтэл гараа өргөж дэмжихгүй гэдгийг ч мэднэ. Гэхдээ фракциудынхаа эрх ашиг, амбицийг Л.Гантөмөр дийлэхгүй гэдгээ өчигдөр нотлосон юм. Тийм ч учраас арга ядахдаа 15 дэд даргатай намыг анх удаа Монголд бий болгов.

Намын даргаар сонгогдсоноос хойшхи түүний бодож олсон гарц энэ юм байх. 15 толгой 15 тийш хараад суучихвал энэ намд сэргэлт биш улам л уналт авч ирэх болно.

Тэр хэзээ ч лидер байгаагүй гэдгээ харуулж, фракциуд дундаа тийчилж, аргаа барахдаа ийм шийдэлд хүрч байна. Үүнийг олон ургальч үзэл гэж харах нэгэн байхад фракциуд дундаа төөрсөн манлайлалгүй хүний үйлдэл гэж харах нь бүр олон.

15 дэд даргатай АН-ынхан 30 нарийн бичиг, 60 газрын дарга, 120 хэлтсийн дарга болохгүй гэх зүйлгүй гэдгийг нь харлаа. Энэ байдлаараа тэгж уншигдаж байна.

Л.Гантөмөр намын ҮБХ-ны хурлаараа дараагийн алхам, бодлого шийдлээ ярихыг хүссэнгүй. Зүгээр л энэ удаагийн хурлын ард гарч авах нь түүний тэргүүн зорилт байсан байна.

Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх л түүний гол зорилго байсан нь уншигдана. Намаа ялуулах ямар ч хүсэл эрмэлзэлгүй намын дарга байна гэдэг ямар их хор уршигтай байх вэ гэдгийг эрх биш улс төрчид гадарлах байлгүй.

АН-ынхан намын дарга Л.Гантөмөр цаашлаад залуусын төлөөлөл гэгдэх АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадоржоос эхлээд МАН-д тал зассан хүмүүс даанч их болчихсон. Намын удирдлагын шатны санал солилцох групп дээр бичигдсэн зүйлсээ Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт гүйж очиж уншуулдаг гэдгийг намынхан нь огт нуудаггүй. Үүнийхээ шагналд тав гурван төгрөгийн ажил олж, амь зууж байгаа нь нууц биш.

Намын дарга нь эрх баригч намын удирдлагуудтай уулзан, 2024 оны сонгуульд 30 суудалтай болох талаар тохироо хийсэн гэгддэг. Өнөөдрийн 13 суудлаас давуулан 30 суудалтай болгосон намын дарга хамтарсан Засгийн газарт Шадар сайдаар суух юм. Тиймээс Л.Гантөмөр Шадар сайдын суудалдаа хэтэрхий ханачихсан учраас намын ирээдүй түүнд тийм ч сонин биш болчихлоо.

Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар сонгогдсон С.Баярцогт, дэд дарга нар болох Р.Амаржаргал, Ц.Уртнасан, Э.Одбаяр, Р.Эрдэнбүрэн, Ц.Жадамбаа, Ж.Баярмаа, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл, П.Галиндэв, Ш.Жандос, С.Буяндэлгэр, П.Батчимэг, Ш.Түвдэндорж, Ч.Өнөрбаяр, И.Мөнхжаргал, ҮБХ-ны тамгын газрын дарга С.Батзаяа нар ирэх сонгуульд намын жагсаалтаар парламентад орж ирнэ.

Мэдээж намын дарга Л.Гантөмөр, томилогдох генсек нь намын жагсаалтын эхний нэг, хоёрдугаарт бичигдэж таарна. Төлбөрөө төлсөн хэдэн хүн нэмэгдсэнээр, тойргоос 10 орчим гишүүн сонгогдож, 30 дөнгөж гарсан суудал л Ардчилсан намынханд оногдоно. Үүний шагналд нь Л.Гантөмөр Шадар сайд болох ийм тохироо хийчихсэн гэдгийг намынхан нь нууж хаах зүйлгүй хэлж байна. Тиймээс МАН-ын жигүүр болсон АН-д мандах хувь дахиад дутах нь.

Хоёр парламент дараалан үнэмлэхүй ялагдсан Ардчилсан намынхан үнэхээр албан тушаалаар цангасан байна. Үүнийг нь ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар овжин ашиглаж чадлаа. Эрх барьж буй намын удирдлагууд ирэх сонгуульд суудлаа баталгаажуулах нь тэдний хийх ажил.

Буруутгах арга алга. Өлсгөлөн тасын сүргээс өлсгөлөн хүн сүрэг аюултай гэдэг. Тэгвэл өлсгөлөн АН бүр ч аюултай санагдана. Намын жирийн гишүүдийнхээ итгэл үнэмшлийг эрх баригч намтайгаа наймаалцаж, тохироонд хүрдэг энэ байдал ирэх сонгууль дуустал лав өөрчлөгдөхгүй нь.

МАН-ын удирдлагууд мангар биш учраас Л.Гантөмөрийг АН-ын дарга болгож байгаад өнгөрөгч зургадугаар сард Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулж авсан.

Л.Гантөмөрийг байцлуулж байгаад Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нь ирэх сонгуулийн суудлаар тохиролцож хийгдсэн ажил. Тийм учраас тэд мангар биш байгаа биз.

Ардчилсан нам бяртай байх хэрэгтэй байна. Харин Л.Гантөмөрт бяр, зориг дутаж байна. Ардчилсан нам ухаантай, шийдэлтэй байх хэрэгтэй байна. Мөн л Л.Гантөмөрт ухаан, шийдэл дутаж байна.

Ардчилсан намд 30 суудал гэдэг даанч хангалтгүй байна. Тэгвэл Л.Гантөмөрт 30 суудал хангалттай байна. Улс төрийн томоохон хүчин урсгал дагаж хөвөх зомгол мэт болж байгааг харах даанч харамсалтай байна. 

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу