Нүүрсний сонсгол хэмээх том нанчилдаан МАН-ыг хүлээж байна. Сүүлийн найман жил эрх барьсан намын хувьд, бүх эрх мэдэлд хүмүүсээ хуваан томилсон эрх мэдлээ хэрэгжүүлсний хувьд нам доторх нүүрсний хулгайчдаа илчилж, хуулийн хүрээнд асуудлуудыг нь шийдүүлэх үү гэдэг олны анхааралд байсаар байгаа юм.

Энэ намрын хамгийн том улс төр нүүрс тойрсон асуудлууд байх нь гарцаагүй. Нүүрсний хулгайн гэх хэргийн анхан шатны шүүх хуралдаан маргааш болж, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Б.Ганхуягаас эхлээд 11 хүнд холбогдох хэрэг хөдлөх нь.

Нүүрсний “мафи”-ийн гол төлөөлөл болох Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар шүүхийн танхимд шүгэл үлээх үү, зулын гол гэдэг шиг өөрсдөө нүүрсний гол болж, намынхнаа хаацайлж үлдэх үү гэдэг маш сонин.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хамгийн том хөзөр нь нүүрсний хулгай. Үүнийхээ ард гарч чадахгүй бол нийгмээрээ нулимна гэдгийг тэр мэдэж байгаа. Тийм ч учраас өөрийнхөө өмнөөс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар дамжуулан “Нүүрсний сонсголоо хийнэ” гээд хэлүүлчихсэн.

Сонсгол хийх нэг хэрэг. Сонсголоо хийчихээд, хуулийн байгууллагад нөлөөлөлгүй хулгайчид ял үүрүүлэх нь тэдний бас нэг том зорилго, зориг байх ёстой.

Нүүрсэн дээр намынхантайгаа нанчилдахгүй бол үе үе байж байгаад нэр зарлана, яг одоо хэлнэ гээд худлаа мурьчихдаг “хөөрхөн пацаан” чигээрээ дуусна, Л.Оюун-Эрдэнэ.

Үе үеийн Ерөнхий сайд нараас хамгийн том төсөвтэй, хамгийн их эрх мэдэл гартаа төвлөрүүлсэн ч шүдгүй арслан мэт шүлсээ үсчүүлэх нь хэр зохимжтой вэ. Зэрэгцэж суугаа танхим дотор нь л нүүрсэнд нүүрээ хүртэл дүрчихсэн нөхөд дүүрэн сууж байна.

Тэдэнтэйгээ тэмцэх эр зориг байгаа юу. Тэдний өөдөөс эрсхэн үгээ хэлчих эр зориг байна уу гэдэг нь сонин. Гартаа атгасан ганц хөзрөө гээчихэлгүй шударга ёсоо тогтоох уу гэдэг эргэлзээтэй.

“Шүүр”, “Шүгэл” ажиллагаа нь сүртэй эхлээд сарниж одсон шиг нүүрсний сонсголоо сүртэй эхлүүлээд даржин төгсөж, хулгайч нартайгаа эвийн цавуу зангидаж аваад үлдэх үү. Уг нь хамт яваа хүнээ халтирахад нь дэвсчихээд нэг их юм бодохооргүй л хүн дээ.

Экс намын дарга М.Энхболд нь итгэл хүлээлгэж, Их хуралд нэр дэвшүүлж, парламентын босго алхуулж эрийн цээнд хүргэхэд нь элэг, бөөр рүү нь өөр намынхантай нийлж дэвсэлсээр байгаад улс төрийн тавцангаас унагаж л явсан нөхөр. Ийм хүнээс нүүрсний хулгайчдыг өрөвдөн хайрлах сэтгэл гарах учиргүй баймаарсан. 

Нүүрснийхэн шүгэл үлээвэл МАН-ын хэдэн сонгууль дараалан босгосон сонгуулийн мөнгө тодорхой болж эхэлнэ. МАН-ын ялалт бүр нүүрсний мөнгөтэй салшгүй холбоотой байсныг ойлгоно. Нүүрснийхний хамгийн том JOKER-ууд МАН-д л бий. Түүнээс гудамжинд лааз өшиглөж яваа АН-ынханд юу байв гэж. “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн гээд зогсох байх.

Улсаа боддоггүй, увайгүй хүмүүсээ илчлэхэд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдэгт эргэлзэж эхэллээ. Бүтэн жил шахам тойрч байхад нүүрсний хулгайд ямар ч ахиц гарсангүй. Угаасаа нүүрсний хулгайчдаа илрүүлэх сонирхол энэ намынханд, намын удирдлагуудад алга. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайчидтай нанчилдах хүсэл байхгүй юм байна. Бүлэг нүүрсчдийн дунд бөөрөнхий л байхгүй бол өөрөө ч эвгүйдэж мэднэ гэж сэрэмжилж эхлэв бололтой.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу