Булган аймгийн Цагдаагийн газрын Орхон сумын хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад О.Цэлмэгтэй ярилцлаа. Түүний хувьд 2016 онд ОХУ-ын Москва хотын их сургуулийн Дотоод явдлын яамны харъяа их сургуулийг мөрдөн байцаагч мэргэжлээр төгсөж, эх орондоо ирж, мэргэжлээрээ ажиллаад, долоон жилийн нүүрийг үзэж буй аж.

Улаанбаатарт Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба зэрэгт ажиллаж байгаад, 2022 оны аравдугаар сард Булган аймгийн Цагдаагийн газарт ажиллахаар шилжжээ.

Тэнд очиж ажилласнаасаа хойш алба хаагчдын цалинг үндэслэлгүйгээр хасдагийг олж мэдээд, олон нийтэд дэлгэсэн байна. Гэтэл цагдаагийн байгууллагаас түүнийг “Хэвлэлд Булганы цагдаагийн цалинг хассан талаар мэдээлэл тавьсан байж болзошгүй”, “Албаны машиныг зөвшөөрөлгүй авч явсан” гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Ингэхдээ О.Цэлмэгийн утасны дугаарын дуудлага хийсэн түүхийг Мобикомоос гаргуулан авсан байна. 

-Таныг Улаанбаатар хотод ажиллаж байгаад өнгөрсөн жил Булган руу шилжсэн юм байна гэж ойлгосон. Зөв үү?

-Тийм ээ. Би 2022 оны аравдугаар сарын 7-нд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Булган аймагт хэсгийн төлөөлөгчөөр шилжиж ирсэн. Гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж шийдвэрлээд, эрүүл агаартай сайхан газар амар тайван ажиллаж, амьдаръя гэж бодоод, өөрийнхөө хүслээр ирсэн юм. Ажиллаад 11 сар болж байна.

-Үндэслэлгүйгээр цалин хасаад байгаа талаар та мэдээлсэн байсан. Яг юу болоод байна вэ?

-2023 оны нэгдүгээр улирлын сүүлээр цалинг маань 20 хувь хассан байсан. Гайхаад сураглахад зөвхөн минийхийг биш 30-40 алба хаагчийнхыг хассан юм билээ. Үндэслэлийг нь тодруулахад, Цагдаагийн ерөнхий газраас хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Тэр арга хэмжээ 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа гэсэн. Хоёрдугаар сарын сүүлээр арга хэмжээний мэдээ, тайлан өгөх ёстой байсан. Гэтэл тэр үеэр цагаан сар таарч, бүх нийтийн амралт болоод, алба хаагчид тайлангаа хоцроочихсон. Гэтэл тэр арга хэмжээнд Булганы цагдаагийн газар 21 аймгаас 21-р байранд орсон байна гээд, тухайн үед Захиргааны газрын даргаар ажиллаж байсан дэд хурандаа “Цалинг нь ташраар нь 20 хувь хас” гэсэн тушаал өгсөн байсан. Ингээд 40 гаруй алба хаагчийн цалинг хассан. 

Би энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын тусгай дугаарын утсанд хандсан. “Би Булганы Цагдаагийн газарт ирээд удаагүй байна. Миний цалинг үндэслэлгүйгээр хасчихлаа. Энэ асуудлыг шалгаж өгнө үү” гээд мэдэгдсэн. Тун удалгүй цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналтаас шуудангаар хариу бичиг ирсэн. Тэр бичигт “Цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагаа алдагдаагүй. Алба хаагчийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Та албандаа хүндэтгэлтэй хандана уу” гэсэн байсан. Ийм дарамталсан хариу өгч байгаа юм. За яах вэ гээд эхний удаад тэгсхийгээд өнгөрөөсөн. 

Гэтэл 2023 оны дөрөвдүгээр сарын эхээр тухайн үед Булган аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Л.Ганбаатар гэдэг хүн өглөөний хурал хийхдээ “Манай байгууллага гадна хаалга, довжоогоо янзалмаар байна. Та бүхэн цалингаа өгөөч” гэж хэлсэн. Ингээд алба хаагч бүрийн нэг өдрийн цалинг авсан юм. Миний нэг өдрийн цалин гэхэд 93,600 төгрөг. Ер нь алба хаагчдынхыг дунджаар бодоход нэг хүний нэг өдрийн цалин 80 орчим мянган төгрөг юм билээ. 

Манай цагдаагийн газар 16 сумтай, аймгийн цагдаагийн газрын алба хаагч нэмэгдээд, нийт 140 гаруй хүн бий (Тооцож үзэхэд, ойролцоогоор 11 сая 200 мянган төгрөг).

-Хаалгаа янзалсан юм уу?

-Янзлаад л байх шиг байгаа юм. Тийм болохоор дотор нь ажиллаж байгаа юм чинь гээд чимээгүй өнгөрсөн. 

-Тэгээд юу болсон бэ, дахиад асуудал гарсан болоод л дуугарсан юм шиг байна?

-Дахиад цалин хассан. Зургадугаар сарын 25-наар таслагдаад, энэ оны эхний хагас жил дууссан юм. Энэ өдөр цалин буусан. Өмнөхөөсөө бага орсон юм шиг харагдаад болдоггүй. Тухайн үед эхнэртээ хэлээд өнгөрсөн л дөө. Дараа тодруулъя гээд. 

Гэтэл долдугаар сарын эхээр албаныхан хуралдах үеэр нэр бүхий 42 алба хаагчийн цалинг хассан талаар тушаал танилцуулсан. Бидний цалинг 10-25 хувиар хассан байсан. Үндэслэлийг нь тодруулахад “Үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн”, “Санд алдаатай мэдээлэл оруулсан” гэсэн байсан. Тэр тушаал нь зургадугаар сарын 23-ных. 

Бидэнд мэдэгдэлгүйгээр зургадугаар сард цалин хасчихаад, тушаалаа долдугаар сард танилцуулж байгаа юм. 

Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны цалинг хасаж, эсхүл нэмж байгаа бол тухайн ажилтанд цахимаар юм уу, бичгээр мэдэгдэнэ гэсэн заалт бий. Гэтэл үүнийг зөрчсөн. Мөн шинэчлэгдсэн Төрийн албаны тухай хуулиар алба хаагчийн цалинг хасна гэсэн заалт огт байхгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлд сахилгын шийтгэл гэж бий. Үүн дээр цалингийн 20 хувийг хасна гэж байдаг юм билээ. Тэр журмаар хасаж болно. Гэтэл Булганы цагдаагийн удирдлагууд үзэмжээрээ хасчихаад байгаа юм. 

-“Үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэдэг үндэслэлээр хассан гэж ярилаа. Үүнтэй та санал нийлэхгүй байна уу, ажлаа хэр сайн хийж байгаа гэж бодож байна вэ?

-Би үүргээ хангалтгүй биелүүлээд байгаа юу гээд харахаар үгүй. “Шийдвэрлэлт-2023” гээд улсын хэмжээнд зохиогдсон нэгдсэн арга хэмжээний хүрээнд би хичээж ажиллаад, өөрт хуваарилагдсан хэргүүдийн бараг 90 хувийг шийдвэрлэсэн. Чадах чинээгээрээ л хичээж ажиллаж байна. Цалингаа хасуулах биш нэмүүлэх хэмжээнд хичээж ажиллаж байгаа гэж бодож байна.

Цалин хассан тухай тушаал уншсан өдөр өөрийгөө муу ажиллаж байгаа эсэхийг тодруулахаар Л.Ганбаатар хурандаатай уулзсан. Гэтэл “Танай тасгийн ажил унасан. Булганы цагдаагийн гэмт хэргийн илрүүлэлт маш муу байна” гэсэн. 

Үүнийг нь би хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Цагдаагийн ерөнхий газарт гомдол гаргасан юм. Олон удаа давтагдаж байгаа учир зайлшгүй шалгаж өгнө үү гээд. Энэ дагуу долдугаар сарын 23-нд Цагдаагийн ерөнхий газраас шалгалт ирээд, дөрвөн албан тушаалтанд хариуцлага тооцсон.

Гэхдээ цалинг маань хассан асуудал шийдэгдээгүй. 

-Тэр шалгалтаар цагдаагийн газрын дарга нь солигдсон байсан. Хэн гэлээ?

-Наймдугаар сарын эхээр Дэд хурандаа Г.Ганбаяр гэж хүн Сонгинохайран дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсээс шилжиж ирсэн.

-Он гарснаас хойш 30-40 алба хаагчийн цалинг 10-20 хувиар хоёр удаа хассан, мөн нэг удаа нэг өдрийн цалинг нь авсан юм байна, тийм үү?

-Тийм.

-10-20 хувь гэхээр нэг хүнээс ойролцоогоор хэдэн төгрөг хассан бол?

-Өөрийнхийгөө харахад, дунджаар нэг хүнээс 200-250 орчим мянган төгрөг л хассан байх.

Би цалингийн зээлтэй. Зээлдээ сард 800 гаруй мянган төгрөг төлдөг. Эхнэр маань намайг дагаад ирсэн. Ой таван сартай хүүгээ хараад, гэртээ байдаг. Бид сарын 300 мянган төгрөгийн байр түрээсэлж амьдардаг юм. Нэг хүний цалингаар арай хийж амьдарч байхад ингээд цалин хасаад байхаар яах юм бэ. Ний нуугүй хэлэхэд амьдрах газар ч алга.

-Байраар хангаж өгдөггүй юм уу?

-Надад Орхон суманд байр гаргаж өгсөн юм. Тэр суманд амьдарч, ажиллах ямар ч боломжгүй. Яагаад гэхээр өмнө нь гурван хүн нас барсан байранд ор гэсэн. Тэнд Засаг дарга нь нас барсан, нэг хүн боож үхсэн. Жихүүдэс даасан хэцүү газар. Тэнд эхнэр, хүүхэд маань амьдарч чадахгүй юм билээ. Энэ талаараа даргадаа хэлтэл “Чи мухар сүсэгтэй юм байна, хомоол уугиулчих” гэсэн. Үүнээс хойш айлын хажуу өрөө түрээсэлж, зуны байшинд ч амьдарч үзлээ. Сүүлдээ байр түрээсэлсэн.  Одоо би аймгийн төвөөсөө Орхон сум руу 22 км зам туулж ажилдаа явж, ирдэг. 

-Ажиллах нөхцөлийн тухайд хэр байна вэ?

-Би өмнө нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба гээд л олон газарт ажиллаж үзсэн. Гэхдээ яг ийм асуудалтай тулгарч үзээгүй. Миний эрхэд халдаж, цалин хасаж байсан тохиолдол байхгүй. Харин ч сайн ажиллаж, цалингаа нэмүүлдэг байсан. Гэтэл Булганд ирж ажиллаад, цалин хасдаг сонин тогтолцоотойг мэдлээ. Шударга үнэн үг хэлэхээр шахаж, хавчдаг юм байна. 

-Таныг шилжиж очихоос өмнө ийм асуудал байсан болов уу?

-Үеийн үед л ийм дарамттай байсан гэж хүмүүс хэлж байна. Үг хэлэхээр хавчиж, шахаж байгаад хүнийг ажил, амьдралгүй болгочихдог юм билээ гээд яриад байгаа юм. Үүнийг нь ч би үнэний ортой гэж бодож байна. Алба хаагч нар нь үүнтэйгээ эвлэрчихсэн. Угаасаа дарга нар хасдаг гээд юу ч хэлж чаддаггүй юм билээ. 

-Яг ямар хүмүүсийн цалинг хасаад байдаг юм бол?

-Энгийн л цагдаагийн алба хаагчдын цалинг хасаад байдаг. Тэгсэн хэрнээ слесарь, жолооч, нягтлан, нярав, шуурхай удирдлагын тасгийн дарга, ахлах мэргэжилтэн гээд ийм хүмүүсийн цалинг нэмчихсэн байгаа юм. 

Алба хаагчдын цалинг хассан үндэслэлийн нэг нь “Санд алдаатай мэдээлэл оруулсан” гэж тайлбарлаж байгаа гэж хэлсэн дээ. Гэтэл санд мэдээлэл оруулах ёстой мэдээлэл судалгааны ажилтан өөр дээрээ цалингаа нэмүүлчихсэн байгаа юм. Ийм шударга бус байж болохгүй. 

-Танд албаны шалгалт хийж байгаа гэсэн үү?

-Тийм. Долдугаар сарын 5-ны өдөр намайг Neguun.mn сайтад Булганы цагдаагийн цалинг хассан талаар мэдээлэл тавьсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр надад албаны шалгалт хийж байгаа. 

Анх албаны шалгалт долоодугаар сарын 5-наас эхэлж явагдаад би наймдугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа авахаар болсон. Аймгийн цагдаагийн газрын дэд дарга н.Баттулга гэдэг хүн рүү ороод амралтын хуудсаа зуруулаад, хэргээ шилжүүлж өгөх гэтэл надад байсан зөрчлийн хэргийг хүлээж авахаас татгалзсан. Амралтын хугацаандаа хэргээ шийд гэсэн. Хөдөлмөрийн тухай хуулиараа ажилтан хүн амралтаараа хэрэг шалгах ёсгүй. Гэсэн ч би даргын хүлээж аваагүй нөгөө зөрчлийн хэргийг аваад гарсан юм.

Тэгээд Улаанбаатар хот руу явахдаа албаны “0917-БУЛ” дугаартай машинтай явсан. Гэтэл “О.Цэлмэг албаны машин хувийн зорилгоор ашиглаад зугаалж байна” гэдэг байдлаар цагдаагийн жижүүрээс залгаад, дарамтлах байдалтай байсан.

Би Улаанбаатарт очоод Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэс орж, Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо орж хэсгийн ахлагчтай уулзах, мэдээлэл цуглуулах гэх мэтээр надад үлдсэн нөгөө зөрчлийн хэргээ шалгаад явж байсан. 

Эргээд би наймдугаар сарын 10-ны өдөр Булган аймагт ирээд шалгаж буй хэргийнхээ хугацааг сунгуулаад даалгавар бичүүлсэн гэх мэтээр ажлаа хийж л явсан.

Явж ирээд дэд даргатай уулзтал “Ахмад О.Цэлмэг ирлээ” гэтэл удалгүй утас нь дуугараад “Баагий нөгөө О.Цэлмэг чинь албаны машинаа аваад аймагт ирсэн байна” гэж байгаа юм. Маш хурдан мэдээлэл дамжуулсан. Гэтэл шинэ дарга нь намайг харж байгаагүй, танихгүй байж чичлээд эхэлсэн.

Тэгээд л ойлгомжтой болж байгаа юм. Миний унаж явсан машин бол Булган аймгийн цагдаагийн газрын байнга дуудлагад явдаг машин биш, Орхон суманд миний ажлаа хийхэд зориулсан, албаны үйл ажиллагаанд явах ёстой машин. Тэгээд л ерөнхийдөө албаны машин гэдэг асуудал гарч ирсэн.

-Утасны дуудлагын талаар яриад байсан?

-Саяхан мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байгаа, хошууч Ж.Амарсанаа гэдэг хүн намайг дуудаж уулзаад “Чи 2023 оны долдугаар сарын 5-нд өөрийнхөө утасны дугаараар Рашаант сумын Цагдаагийн тасгийн дарга Ж.Бээжин гэдэг хүнтэй холбогдсон уу” гээд тулгасан. Би ярьсан нь үнэн. Гэхдээ миний утасны яриаг олж авсныг нь гайхаад асуухад прокурорын зөвшөөрлөөр авсан гэж хэлсэн. 

Долдугаар сарын 31-нд Цагдаагийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, Дэд хурандаа Б.Баттулга гэдэг хүн хэсгийн төлөөлөгч миний утасны дугаарын орсон, гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор С.Алтайгаар зөвшөөрүүлж, Мобикомд хүргүүлсэн юм билээ. 

Тэгээд миний ярианы биллийг Хошууч Ж.Амарсанаа шалгаж эхэлсэн байгаа юм. 

Албаны шалгалт гэдэг бол тодорхой цар хүрээтэй, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, кодод заасны дагуу л явагдах ёстой. Гэтэл албаны шалгалт гэх нэрийдлээр миний утасны дугаарын дуудлага хийсэн түүхийг шалгаж, үүнийг нь прокурор зөвшөөрсөн гэдэг их сонин байна. Энэ хүмүүс чинь хууль хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг субъектүүд. Хуулиа зөрчдөг юм байхдаа гэсэн ойлголт төрж байна.

Миний гар утасны дугаарын дуудлагын ярианы түүхийг авч байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна.

Цагдаагийн газрын хаалга янзлахын тулд алба хаагчдаас нэг өдрийн цалинг нь хураахад О.Цэлмэгийн цалингаа шилжүүлсэн баримт
Цагдаагийн алба хаагчдын цалинг хассан үндэслэл

Х.ТҮШИГ

4 САНАЛ

  1. Цагдааг муухай харагдуулж Бна Бу Цагдаагийнхан Нутаг
    Нугаараа хавчиж эхэлжээ энэ залууг Хэнтийд ирээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу