Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажил, бодлогоо танилцуулаа. 

Тэрбээр “Нийтийн тээврийг шинэчлэх, Зорчилт хөдөлгөөнийг сайжруулах, Авто замын сүлжээг өргөтгөх, Хот төлөвлөлт гэх дөрвөн чиглэлд анхааран ажиллаж, цогц бодлого хэрэгжүүлснээр түгжрэлийг бууруулах боломжтой” гэлээ.

Нийтийн тээвэрт өнөөдрийн байдлаар 1240 автобус үйлчилгээнд явж буй бөгөөд 770 гаруй автобус 10-14 жилийн насжилттай байна. Энэ салбарт парк шинэчлэлт хийгдээгүй олон жил болсноос үүдэлтэйгээр автобус шатах тохиолдол нэмэгдсэн. Тиймээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 100 хувь хийж байна.

2021-2022 онд 415 автобус авч үйлчилгээнд гаргасан. Энэ онд 810 автобус иргэдэд үйлчилнэ. Их багтаамжийн Евро-5 хөдөлгүүртэй Дэү 600, дунд оврын Хьюндай 50, Скайвел 160 цахилгаан, нийт 810 шинэ автобусаар иргэд үйлчлүүлнэ.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээлснээр, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотой цахилгаан автобусуудыг есдүгээр сарын 1-нээс үйлчилгээнд гаргах юм байна. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу