Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Монгол Улс Гэгээн Ширээт улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 4-нд дипломат харилцаа тогтоосон. 2022 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, уг ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүнийг Монгол Улсад айлчлахыг урьсан билээ.

“Vatican news”-т мэдээлснээр, Гэгээн хутагт, пап лам Францис өнгөрсөн Ням гарагт Ангелусын залбирлын уншлагын дараа мэндчилгээ дэвшүүлэхдээ наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монголд номлогчийн хувиар хийх төрийн айлчлалынхаа талаар ярьжээ.

Айлчлал “Хамтдаа найдъя” хэмээх уриатай бөгөөд энэ нь Пап Францис Монгол Улсад пасторын болон төрийн айлчлал хийх гэж буй давхар утгыг илэрхийлж байгаа аж.

Пап лам энэхүү айлчлалаа “хүсэн хүлээсэн айлчлал” хэмээн тодорхойлоод, “тооны хувьд цөөн боловч итгэл үнэмшил нь хүчтэй, буяны үйлсээрээ агуу сүмд хүрэлцэн очих” гэж байгаагаа онцлон тэмдэглэжээ.

Тэрбээр Монгол орон “шашны баялаг уламжлал”-тайг дурдаад, “Шашин хоорондын арга хэмжээний хүрээнд ийм уламжлалтай танилцах нь нэр төрийн хэрэг” гэж хэлсэн байна. Пап Францис “бүх хүмүүсийн ахан дүүгийн хувиар” Монголын ард түмний дунд очих гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

Түүх сөхвөл, тэртээ XIII зууны үед Ромын Папаас Их Монгол Улсын хаанд элч ирүүлж, захидал дайж байжээ. Их Монгол Улсын хаан Гүюгээс элч Плано Карпинигаар дамжуулан Ромын Пап IV Инносентэд 1246 онд илгээсэн захидал өдгөө Ватиканы нууц музейд хадгалагддаг.

Перс хэл дээрх уг захидалд Их Монгол Улсын хааны тамга хоёр удаа дарагдаж үлдсэн онцлогтой аж. Үүнээс хойш Ил хаант улсын хаад Ромын Паптай харилцаж байсныг нотлох баримтууд мөн Ватиканы музейд хадгалагддаг байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу