iPhone үйлдвэрлэгч “Foxconn” компанийг үндэслэгч, тэрбумтан Терри Гоу арлын түүхэнд Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хамгийн баян хүн болж магадгүй байна. Энэ талаар Тайванийн мэдээллийн “Ettoday” портал мэдээлжээ.

Өдгөө 72 настай бизнесмений хөрөнгө ойролцоогоор 7.2 тэрбум ам.доллар аж. Тэрбээр Тайванийн тэрбумтнуудын зургаад, “Форбес” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 317-д бичигддэг.

Терри Гоу 2005-2021 он хүртэл “Forbes” сэтгүүлээс гаргасан жагсаалтыг дор хаяж зургаан удаа тэргүүлж, Тайванийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 1-рт бичигдэж байжээ.

“Ettoday” агентлагийн мэдээлснээр, Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээр Терри Гоугийн хөрөнгө 6.97 тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй бөгөөд тэрбээр арлын хамгийн баян бизнесменүүдийн дөрөвт, дэлхийн чансааны 333-т бичигддэг аж.

Терри Гоу Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал дэлхийн хамгийн баян ардчилсан удирдагч болох юм. Өдгөө энэ “цол”-ыг Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак эзэмшдэг бөгөөд түүний хөрөнгө 909 сая ам.доллараар үнэлэгдсэн байна.

BBC агентлаг мэдээлэхдээ, Гоу нэр дэвшвэл 2024 оны нэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнийхний саналыг гурав хуваана гэжээ. Тэрбээр өнгөрсөн Даваа гаригт сонгуульд нэр дэвшихээ зарласан байна.

Өөрийгөө удирддаг арал Бээжингийн аюул заналхийлэл нэмэгдэж, бүс нутаг улам бүр цэрэгжсэн нөхцөлд шинэ ерөнхийлөгчөө сонгох юм.

Эх суралж: BBC, ETTODAY
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу