ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Владимир Путин энэ өдөр Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргатай уулзалттай тул “Вагнер” бүлэглэлийн удирдагч агсан Евгений Пригожиныг оршуулах ёслолд оролцохгүй” гэж мэдэгдсэн талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ. Тэрбээр оршуулгын талаар Кремльд тодорхой мэдээлэл байхгүйг хэлсэн байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч “Эцсийн эцэст оршуулах ёслолын шийдвэрийг хамаатан садан, найз нөхөд нь гаргадаг. Энд бид тэдэнгүйгээр юу ч хэлж чадахгүй” гэж тайлбарлажээ.

Тэрбээр нэг өдрийн өмнө “Пригожиныг оршуулах ёслол хэзээ, хэрхэн болох талаар Кремльд ямар ч мэдээлэл байхгүй байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн аж. Оросын “MSK1” сайтад мэдээлснээр, ёслол орон нутгийн цагаар Мягмар гарагийн 16.00 цагт эхэлж, Пригожиныг эцгийнх нь хажууд оршуулсан байна.

Үнэндээ Пригожиныг оршуулах ёслол болох газар, цаг хугацаа, нарийн ширийн зүйлийн талаар огт мэдээлээгүй байна. ОХУ-ын хотуудад “Вагнер”-ийн тэргүүнийг дэмжигчид түүнийг оршуулах ёслолыг угтан аяндаа бий болсон дурсгалын цэгүүдэд цэцэг тавьцгаажээ.

Пригожины хэвлэлийн алба өөрийн Telegram сувгаар дамжуулан наймдугаар сарын 29-ний Мягмар гарагийн орой “Вагнер” бүлэглэлийг үүсгэн байгуулагчийг Санкт-Петербург хотын Пороховын оршуулгын газарт оршуулсан тухай мэдээлсэн байна.

Мэдээлэлд “Салах ёс гүйцэтгэх ажиллагаа “хаалттай” хэлбэрээр явагдлаа. Түүнийг сүүлийн замд нь үдэхийг хүссэн хүмүүс Пороховын оршуулгын газарт очиж болно” гэж дурджээ.

Онгоцонд хамт осолдсон хүмүүсийн нэг болох Пригожины орлогч Валерий Чекаловын оршуулах ёслол мөн Санкт Петербург хотноо Пригожиныхоос тусдаа болж өндөрлөсөн байна.

“Коммерсант” сонины эх сурвалжийн мэдээлснээр, салах ёс гүйцэтгэх ажиллагаанд төрөл төрөгсдийнх нь хүсэлтийн дагуу зөвхөн хамаатан садан, ойр дотны найзуудыг нь байлцуулсан байна.

  

 

Эх сурвалж: RIA NOVOSTI, TENGRI NEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу