“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын суудлын төлөөх марафон үргэлжилсээр байна. Өнгөрөгч долдугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтын байгуулсан ажлын хэсгийн гишүүд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д очиж, Баянхонгорын фракцийн савраас компанийн тамга, тэмдгийг шилжүүлэн авч, гүйцэтгэх захирал С.Баярмөнхийг чөлөөлсөн.

С.Баярмөнх УИХ-ын дарга Г.Занданшатарын Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад тус албан тушаалд томилогдоод байсан юм. Тэрбээр ажлаа авсны дараа Худалдан авах ажиллагааны газрын захирлаараа Эрдэнэчулууны Ууганбаярыг томилсон нь уг компанийг хувийн компани мэт аашилах эхлэлийг тавьсан байдаг.

Эх сурвалжийн хэлснээр, Сангийн сайд Б.Жавхлангийн чиглэлийн дагуу С.Баярмөнх Э.Ууганбаярыг томилж, Монгол Улсын эрдэнэсийн авдрын эзний хүнийг өөрийн болгосон юм.

Э.Ууганбаяр Дархан-Уул аймгийнх бөгөөд Сангийн сайдтай ойр явж ирсэн талаар яригддаг. Тус компанийн худалдан авах ажиллагаа сүүлийн жилүүдэд хуулийн хүрээнд явагдсан эсэхийг АТГ-ынхан одоо шалгамаар байна.

Хуулийн байгууллагаар шалгуулах ёстой хүмүүсийн нэг болох Э.Ууганбаяр албан тушаал дэвших, нэг нь томилуулах тохироо хийж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг ээрч яваа. Арга ядахдаа нутагтаа амарч явсан УИХ-ын даргын дэргэд С.Баярмөнх тохироогоо хийж, улс төрийн дэмжлэг авахаар дагаж явсан байдаг.

Зарим эх сурвалжийн хэлснээр, УИХ-ын дарга Г.Занданшатар Э.Ууганбаярыг “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн захирлаар томилуулах ажилд дэмжлэг үзүүлж эхэлсэн гэж байх юм.

Уг нь Гүйцэтгэх захирлын суудал бүү хэл хуудуутай сонгон шалгаруулалт явуулж, хэдэн зуун саяар хэмжигдэх модны үнэтэй суулгац авсан, улс төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн хүний хамаарал бүхий компаниас “Эрдэнэс силвер ресурс”-ын ажилчдын хувцас болгон ноолууран цамц авч өгсөн зэрэг үйлдлүүдээс нь эхлээд худалдан авах ажиллагааны журам мөрдөөгүй, аудитын дүгнэлтэд бүдэрсэн хүнийг захирлаар томилбол Засгийн газрын “Шүүр” ажиллагаа шалихгүй юм байж гэж харагдах болно. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ч үүнийг анхаарах ёстой.

С.Баярмөнх өөрийнхөө суудалд Худалдан авах ажиллагааны газрын захирал Э.Ууганбаярыг зүтгүүлж байгаа нь хамт ажиллаж байсан үеийнхээ хууль бус үйлдлийг ил болгуулахгүйн тулд сүүлчийн сумаа тавьж байгаа хэрэг. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг л болж байгаа юм. Өөр хүн захирлаар очвол өөрийнх нь хууль бус үйлдлүүдийг шалгаад гаргаж ирнэ гэдгээс үхтэлээ айж буй.

Нөгөө талд нь одоо үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Төгсбуянг Х.Бадамсүрэн албан тушаалд нь жинхлүүлэхээр зүтгэж байна. Мөн Багануурын уурхайн ТУЗ-ийн дарга асан, Захиргаа хүний нөөцийн дэд захирал Н.Лхагвабаатарын нэр дуулдах болсон. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү Отгонбаярын найз юм.

“Моннис”-ын захирал Н.Чулуунбаатар, “Мон-Уран”-ы Б.Наранхүү нартай ойр гэгддэг. Н.Лхагвабаатар ноднин Сүхбаатар аймгийн ойгоор багагүй хэмжээний хандивыг Б.Наранхүүгийн хамт өргөсөн талаар тус аймгийнхан шивэр авир гэдэг. Тиймээс дээрээс том дэмжлэгтэй орж ирнэ гэж байгаа ч экс босс С.Баярмөнх, Э.Ууганбаяр албан тушаалын төлөө байгаа бүхнээрээ дэнчин тавьж байгаа гэнэ.

Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо гэдэг шиг улсын компанийг хувийн компани мэт аашилж, “ашиглаж” ирсэн С.Баярмөнх, Э.Ууганбаяр нарыг АТГ овоо хараандаа авмаар байна. Төрийн аудитын шалгалтад бүдэрсэн, хуудуутай олон зүйлсийн эзэд гэгдэх энэ хоёр хөтлөлцөөд шалгуулах цаг нь хэзээ вэ.

Амташсан хэрээ 13 дахина гэгч болж байгаа юм биш үү. УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн өмнө зогсох ёстой хүмүүсийг хаацайлж, албан тушаалд томилуулах гэж хар хоронд нь орчихсон тууж яваа нь ч бас юу вэ дээ.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу