Нэмэлт: 15:14 цаг 

-“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг есдүгээр сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

Нэмэлт: 14:18 цаг

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцохоор УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан ирлээ.

Тэрбээр “Хамгийн түрүүнд би нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Би нүүрсний гэх хэрэгт ямар ч холбоогүй. Би өнгөрсөн бүхий л хугацаанд эх орон, ард иргэдийнхээ талд ямагт хатуу зогссон. Маш зоригтойгоор ажилласан. Үүнийхээ улмаас олон хүний эрх ашгийг хөндсөн юм шиг байна. Олон дайсантай болсон байна.

Өнгөрсөн олон сарын хугацаанд намайг нүүрсний хулгайч мэтээр гүтгэж, доромжилж, олон нийтийн сүлжээгээр хангалттай харлууллаа. Энэ асуудлыг зохион байгуулалттайгаар газар авахуулж, шүүхээр оруулахаас аргагүй нөхцөлд оруулж байна гэж ойлгож байна. Надад нүүрстэй холбоотой юу ч байхгүй. Шүүх асуудлыг шударгаар шийднэ гэдэгт итгэж байна. Надад нууж, хаах зүйл байхгүй. Тиймээс шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг тавина.

Нэг талаараа замхраад байсан нүүрсний хэргийн сонсголыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрөө ахлаад, ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллаж байх шиг байна. Үүнд би талархалтай хандаж байна. Энэ сонсголыг заавал зохион байгуулах ёстой. Үүний цаана нуугдмал байгаа зүйлийг эзэн холбогдогчтой нь олж тогтоож, арга хэмжээ авах ёстой.

Миний хувьд анхнаас нь олон нийтийн дунд эргэлзээ үүссэн бол шалгуулах ёстой гэдэг байр суурьтай байсан. Энэ дагуу шалгуулсан. Улс төрд нөлөө бүхий хүмүүс, ялангуяа УИХ-ын гишүүд ямар нэгэн эргэлзээтэй асуудал байгаа бол түүнийгээ шалгуулж, шаардлагатай бол шүүхээр дэнслүүлдэг байх хэрэгтэй. Тиймээс би хуулийн байгууллагын ажилд хүндэтгэлтэй хандаж байна. Ийм зөв жишгийг өөрөөрөө үлгэрлэж байна гэж бодож байна.

Намайг холбогдуулсан хэрэг нь “олон нийтийн аюулгүй байдлын эсрэг” гэж байна. Энэ нь зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг хүнд заалт. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Надад хилсээр тулгасан гэж үзэж байна” гэлээ.  


“Нүүрсний” гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2023.08.30/ 14:00 цагаас болно.

Урьдчилсан хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханы хэргийг, дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт холбогдох хэргийг хэлэлцэхээр байна. 

Сануулахад,

  • Т.Аюурсайханыг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэргээр,
  • Б.Ганхуягийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 /Мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу