Уудмын их талаар өнгөрөгч салхийг удаан чагнавал уртын дуу сонсогдоно. Үүлсийн оройг харж, уулын сүүдрийг ажвал баруун хойноос бороо зүсэрнэ.

Намрын эхэн цагаан бич сарын гурван хөх улаан луу өдөр (2023.08.26) Хэнтий аймгийн Батноров сумыг зорилоо. Замд налайх мал сүрэг болоод алс холын ууланд шаагин асгах хурын барааг харж явсаар удаж түдэлгүй ирсэн юм. Батноров сумаас даруй 40 километр давхиулсаар малчин айл Дарьхүүгийнд ирлээ. Гаднаа сул хэвтэх гурван Тайга нохой босож машин дагаж хэсэг давхиад, буумагц сүүлээ шарвагануулан эрхэлж гарна. Айлын эзэн саравчлан гарч ирээд хүүгээ тосно. Бид айлын бага хүү болох Д.Шинэхүүг дагуулан ирсэн билээ.

Өнөөдөр унага тамгалах их ажлын эхний өдөр. Ганц хоёрхон даага буйг эс тооцвол 20 гаруй унага тамгалахаар тооцжээ. Айлын ууган хүү болох Нямхүү тамганы ажлыг бүрэн хариуцах аж. Биерхүү хүрэн залуу бөгөөд сул хүрэн дээл өмссөн нь зохисон гэж донжтой.

Өтгөн хөмсөг, онигор нүдтэй. Шанаа түүш өргөн, мөр цээж ч тавиухан юм. Биднийг дагуулан адууны хашаа руу явахдаа “Өнөөдөр тамганы ажил оройтож эхэллээ, ганц нэг үрээ бас сургах санаатай байгаа юм. Маргааш ч бас аrил хөвөрч мэдэхээр л байна. Та хэд тухтай сайхан байгаад буцаарай” гээд нүдээ жартайлган инээж, бугуйлаа хумьсаар алхална.

Энэ зуурт айл саахалтын хоёр хүү сундалдан давхиж ирлээ. Тэднийг энэ хөндийн шилдэг адуучид хэмээн онгироогоод авсан ч нээрэн л бугуйл, шургуудаа гаргууд сайн, морь малд үнэнхүү эрэмгий байсан юм. Унага тамгалах эл өдрийг тааруулан хөвгүүд адуучин тэмцээний бэлтгэл базаагаад авах юм байна. Наранд гандсан бор дээлээ сугалдаргалж, суран бугуйлаа эвхэн инээж зогсох хөвгүүд 16-18 настай гэлээ. Хот хүрээ бараадаж, суруульд сурах зам сонгоогүй бөгөөд нутаг усандаа эзэн байж, өвлөж ирсэн ахуйгаа авч үлдэх нь илүү үнэ цэнтэй тухай инээж нэг, ичиж нэг ярьж байсан юм. 

No description available.Адууг хоёр, гурван настайд нь хавар, намрын улиралд тамгална. Малын тамгыг эхэн үед хүрлээр цутгадаг байсан түүхийн олдвор ч бий. Харин төмөрлөгийн эринд орсноос хойш голдуу төмрөөр үйлддэг болжээ. Малын тамгыг хэрэглээд дууссаны дараа ердийн үед хөдөлгөдөггүй, гэрийн баруун талд буюу баруун хойд талаар эсхүл бурхан шүтээний баруун, зүүн талаар нандигнан хурааж хадгалдаг заншилтай. Гэвч сүүлийн үед ихэнхдээ эсгий таарцагт хийж, гэрийн ханын толгойноос дүүжлэх буюу хадгаар ороож, унинд хавчуулдаг болжээ. Энэ бүгдийг алдалгүй цэвэр тод өгүүлэх залуухан малчны ухаан болбоос Монголын их тал эзэнтэйгээ буй хэмээн тамгалах мэт.

No description available.

Ууган хүү Шинэхүүгийн тайлбарласнаар, сүүлийн үед айлуудын хэрэглэдэг болоод буй “Азот”-оор тамгалсан нь малд ч ээлтэй байж өнгө үзэмж ч сайн гэх.

Төмөр саванд азот хийгээд, тамгаа дүрж таглана. Унаганы гуяны үсийг хөөсрүүлсний дараа хусаж авна. Тамга азотод бүрэн хөлдсөний дараа тамгалж болно. Ингэснээр малын арьсыг түлж гэмтээлгүй үйлдэж буй хэрэг юм.

Тамгалах унагыг бугуйлдаж, хөлийг нь тушихын тулд урд хөлийг нь дэгээдэж, эсхүл өргөж тавин унагаах аж. Энэ бүгдэд нутгийн эрчүүд сурамгай бөгөөд жавхаажиж, эрэмгий байгаа нь мэдрэгдэнэ.

Морь бугуйлдах хөвгүүдийн инээд цуурайтаж, бидний хүүрнэлдэн суух хашааны зэргэлдээ үүл буухуйд “талын монгол айл” амар тайван, тансаг энгийнээр аж төрж буйг мэдэрч байсан юм.

Малын хашаан дээр суугаад, салхи чагнавал хойд айлын залуу адуундаа давхиж буй нь, тэгээд уртын дуу аялж байгаа нь ч сонсогдохоор ажин түжин байлаа.

10 шахам унага тамгалаад, эхний өдрийн үйл гүйцэлдлээ. Бид хэрэгслээ хурааж бэлдээд, явахын алдад хашаан дахь адууг цувуулан гаргалаа. Бугуйлч хөвгүүд цувран давхих адууг зүслэн хэлээд, бугуйлаа шиднэ.

Хуйлраа бугуйл агаарт тэнийн адууны толгойд ороход биеийнхээ ардуур таллаж бариад сурамгай гэгч нь сууж өгнө. Ингээд эмнэг хүчтэй адуунд хэсэг чирэгдээд хоёул, гурвуул нийлэн зогсоож авна. Энэ мэтчилэн хэсэг бужигнацгааж аваад, гэрийн зүг явлаа. Нар тонгойж, уулын ар луу улаан туяа тунаруулан айсуй.

Гэрт ормогц хоол цай болж, гэрийн эзэгтэй цай аягална. Хоймрын авдрын дээр хуучны хавтастай толь жааз тэргүүтэн байх нь хамгийн энгийн монгол ахуйг бэлхэнээ илтгэж байлаа. Хүүхэд багачууд орж гарж гүйлдэнэ. Гэрийн эзэн бидэнтэй намрын өнгө байр байдлыг ярилцана. 

Ингэсээр үдэш болох тул хонь малын зарим ажилд хөвгүүд гарцгааж, гэрийн эзэн мөнгөн аяганы амсраас сархадын дээж тооноор өргөх ажээ. Түмэн од хаалгаар ч дүүрэн, тооноор ч дүүрэн харагдана. Ардын дууны дугараа гурав тойроод, гийчдийн ор дэр зэхэж, амрах цаг болсон юм.

Үдэш, их ажлын хөл татарч, аниргүй болоход морь малын тургилах нь зүүд нойрны эхэн болох шиг санагдана. Маргааш ч мөн ийм эгэлхэн өдөр өнгөрнө гэхээр тал нутгийн салхинд амар тайвны увдис шингэсэн мэт бодогдоно. 

А.САЙХАНБАЯР
Гэрэл зургийг: Т.СҮРЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу