Төрийг удирдах чадваргүй хүмүүсийн муугаа далдлах ганц арга нь ковид 19 цар тахлын хор хөнөөл болж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон орон эдийн засгийн хүндрэлтэй тулж байгаа ч гарц шийдлээ хайгаад эдийн засгаа тэлэх оролдлогуудыг хийсээр. Харин манай улсад гарц шийдлээс илүү чадваргүй төрийн албан хаагч, менежер, удирдлагуудын бамбай болсон хэвээр байгаа юм. Өчигдөр ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдэгдэл хийж, Улаанбаатарын хотод байгаа ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна лээ. Цар тахлаас өмнө ТҮЦ-ээр амьдралаа залгуулдаг иргэдийн 20 хувь нь зээлтэй байсан бол өдгөө 80 хувь нь зээлтэй байгаа талаар дуулгасан юм. Тэд албан ёсны зөвшөөрлөө өгчихвөл ТҮЦ-ээ цэвэр цэмцгэр, ойр тойрныхоо орчныг эко болгон хотод өнгө нэмэх үйлчилгээг нэвтрүүлэхэд татгалзах зүйлгүй оролцоно гэдгээ мэдэгдсэн юм. 

Нийслэлд өнөөдөр 1300 гаруй ТҮЦ ажилладаг юм байна. Тэдгээрээс өдрийн амьжиргаагаа залгуулахаар ганц ТҮЦ-тэй хүмүүс дийлэнхийг эзэлдэг бол ТҮЦ-ний зөвшөөрөл авч түрээслүүлэн ашиг олдог хүмүүс ч байдаг аж. ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос нэр дээрээ нэлээд хэдэн ТҮЦ-тэй хүмүүсийг л журамлах болохоос өдрийн хоолоо залгуулж, цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн өдрийн хоолонд хуруу дүрж байгаа Нийслэлийнхэнийг буруутгасан юм. Үнэн л дээ. Улстөрчид, эрх баригчид нь цар тахлаар далимдуулан бүхний бурууг чихэж, эдийн засаг хүндэрснийг сануулж байгаа хэрнээ цар тахлын үеүдэд орлогогүй гэртээ суусан ТҮЦ ажиллуулж буй хүмүүсийг нь цар тахал дайраагүй мэт аяглаж байгаад нь хэлэх үг олдохгүй аж.

Иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт муудаж байгаа энэ үед эрх баригчдаас ажлын байр, мөнгө дэмжлэг нэхэлгүй өөрсдийн ажлын байрыг бий болгож яваа иргэддээ даанч хатуу байгаад тэд халаглаж байна. Автобусны буудлууд дээр өнгө тааруухан, дэргэдэх орчин нь бохир заваан ТҮЦ-үүд бий. Тэднийг цэвэр орчинд үйл ажиллагаа явуулах шаардлага, стандартыг нь гаргаж өгчихөөд мөрдүүлэх хэрэгтэй. Тэд хэрэв стандарт шаардлагад нийцэхгүй байгаа бол жинхэнэ утгаар нь нүүлгэх нь зөв. Түүнээс биш амь зуулгаа залгуулж мөнчгөрөөрөө зүтгэж яваа хүмүүсийг халаасыг тэмтрээд байвал ирэх хаврын улс төрийн жагсаал Нийслэлийг чиглэх нь гарцаагүй. Бодит дэмжлэг үзүүлдэггүй ч бодит дарамт учруулдаг байж болохгүй. Энэ бол нийслэлчүүдийн өмнө даалуу шиг өрөөтэй байгаа бухимдлуудын зөвхөн нэг нь. 

Ийм дарамт цаашид үргэлжилбэл ТҮЦ эрхлэгчид сар шинийн нэгэнд Төв талбайд “Бидэнд баярлах шалтгаан алга” жагсаал хийж, золголт хийнэ гэдгээ мэдэгдсэн. Иргэдээ хангалуун амьдруулах тал дээр ямар ч ахиц дэвшил гаргаж чадаггүй, бодлогын ямар ч шийдэлгүй улстөрчидтэй улсад үүнээс өөрөөр яаж ойлгуулна гэж. Ядарсан иргэдээ дээрэлхэж, ядарсан иргэдийнхээ халаасыг хоослох санаархал бүр улстөрч та нарыг насыг улам богиносгодог юм шүү. Харин тэр стандартыг нь даруй баталж, мөрдүүлж үнэхээр болдоггүй ТҮЦ-үүдээ нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу