Энэ сарын 28-наас 29-нд шилжих шөнө Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Гуравдугаар эмнэлгийн автобусны буудал орчимд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-ийн худалдагчийг үл таних дөрвөн этгээд зодож, бэлэн мөнгө, бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ЭЦТ, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн ЭЦТ-ийн алба хаагчид хамтран гэмт этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжлан, баривчилсан байна.

Эл хэргийг 15-23 насны нэр бүхий дөрвөн этгээд үйлдсэн болохыг тогтоон, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 2023.08.29-ний 23:30 цагт дайчлан баривчилжээ.

Дээрх этгээдүүдийн урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт шөнө оройн цагаар ганцаараа явж буй иргэдийг зодож, айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмдсэн хоёр үйлдлийг тогтоогоод буй юм байна.

Иймд иргэд та бүхэн хувийн аюулгүй байдалдаа анхаарч, гэрэлтүүлэггүй гудамж, талбай, газраар шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу