Хил хамгаалах ерөнхий газраас зэвсэгт бослогод уриалан дуудсан худал мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр (2023.08.30) тайлбар хийлээ.

Өнөөдөр цахим орчинд “Chagii Chagnaa” гэх хаягаас “Өмнөговийн 7-р отряд байрнаасаа 45 км ухран, цаана нь Хятадын хилийн цэргийн түргэн байрлах рот байрлах тухай тушаалыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өгсөн байна” гэх мэдээлэл цацагдсан юм. Энэхүү асуудалд Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Х.Лхагвасүрэн дараах мэдэгдлийг хийлээ.

“МОНГОЛ УЛСЫН ХИЛ ХАЛДАШГҮЙ ДАРХАН БАЙНА”

Тэрбээр “Монгол Улсын хил халдашгүй дархан байна. Манай улс БНХАУ-тай 4709,6 км хиллэдэг. Энэ хил бүрэн бүтэн байна. Монгол Улсын газар нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын цэргийн анги барьчихсан мэтээр мэдээлэл түгээсэн байна. Ингэж улс орноо доромжилно гэж байх уу? Монгол хүн биш болов уу гэж бодоод байгаа юм. “Улсынхаа газар нутгаас алдчихаад байна” гэж худлаа цуурч ярьж болохгүй.

Улсын хил бол хоёр айлын газрын хашааны хэрүүл биш. Худал мэдээлэл гаргасан иргэнийг ТЕГ, ЦЕГ-ын алба хаагчид олж илрүүлсэн бөгөөд байцаалт авч байна. Дотооддоо нэг нэгнээ гүжирдэх зүйл байж болох ч хөрш улстайгаа хагаралдуулсан мэдээлэл битгий тараагаасай гэж хүсэж байгаа юм. Цаашид нийт иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг хүсэж байна.

“Овоотын 7-р отрядыг нүүлгэх асуудлыг олон жил ярьж байгаа юм. Заставыг сумын төв бараадуулж байгуулах нь хилчдийн амьжиргаанд ч чухал зүйл. Сулинхээрийн отрядыг ч мөн нүүлгэхэд иймэрхүү худал мэдээлэл түгээж байсан. Тэр болгон дээр хариуцлага тооцоогүй өнгөрсөн. Энэ удаад хууль журмын дагуу хариуцлага тооцно” гэлээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу