Төв Африкийн Габон улсад цэргийнхэн Лхагва гарагийн өглөө засгийн эрхийг гартаа авч, төрийн бүх байгууллагыг татан буулгаж, Шилжилтийн ба институцийг сэргээх хороо байгуулснаа зарлав.

Засгийн эрхэнд гарсан цэргийнхнийг дэмжсэн тус улсын иргэдийн жагсаалын бичлэг Габоны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн байна.

Тус улсын Либревиль, Порт-Жентил хотын оршин суугчид төрийн далбаагаа барин гудамжинд гарч, “Браво!”, “Арми мандтугай!”, “Габон эрх чөлөөтэй”, “Бонго, хол бай” гэж хашгирч байгаа аж. X (хуучнаар Твиттер) нийгмийн сүлжээнд Габоны “Info241” порталын нийтэлсэн видео бичлэгүүдээс харахад тэд цэргийнхнийг алга ташин дэмжиж буй юм байна.

Габоны мужийн сонгуулийн төвөөс мэдээлснээр, тус улсын одоогийн Ерөнхийлөгч Али бен Бонго Ондимба сонгогчдын 64.2 хувийн саналаар гурав дахь удаагаа сонгогдлоо гэж мэдэгдсэний дараа төрийн эргэлт гарчээ.

Тус улсын Ерөнхийлөгч одоо хаана байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд эрх баригчид ч албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Мөн сөрөг хүчин сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Цэргийнхэн “Шилжилтийн ба институтуудыг сэргээх хороонд цугларсан Батлан хамгаалах ба аюулаас хамгаалах хүчнийхэн бид Габоны ард түмний нэрийн өмнөөс одоогийн дэглэмийг төгсгөл болгож, энх тайвныг хамгаалахаар шийдлээ.

Эл зорилгоор 2023 оны наймдугаар сарын 26-нд болсон бүх нийтийн сонгууль, түүний урьдчилсан дүнг хүчингүй болгож байна. Дараагийн шийдвэр гарах хүртэл хилийг хааж, төрийн байгууллагуудыг татан буулгалаа” гэж мэдэгджээ.

Төв Африкийн Либревилл хотод өнөөдөр өглөө буудалцах чимээ сонсогдсон талаар “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

Габон нь Африкийн газрын тосны хамгийн баян орнуудын нэг (экспортын орлогын 70.5 хувийг бүрдүүлдэг) юм. Нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ тивдээ тэргүүлэгчдийн тоонд багтдаг.

Дэлхийн банкны мэдээллээр, тус улсын засгийн газар 2022 оны эдийн засгийн бодлогоороо нийт хүн амын 32.9 хувийг эзэлдэг ядуусын асуудлыг шийдэж чадаагүй  байна.

Эх сурвалж, TASS, REUTERS, EURONEWS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу