Засгийн газрын өнөөдрийн (2023.08.30) хуралдаанаас “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)-г энэ оны гуравдугаар улиралд багтаан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Тодруулбал, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр шүд угаах цагийг зохион байгуулж, хэвшүүлэх, шүд угаах цэг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлөөр хангах ажлыг үе шаттайгаар улсын болон гадаадын хөтөлбөр, төсөл, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх болон тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт тусган зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав.

Манай улсын хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилд 85 хувиас буураагүй, 12 хүртэлх настай хүүхдэд тархалт 77, 35-44 насны бүлэгт 98.1, 65-74 насны бүлэгт 99.8 хувьтай байгаа юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу