Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнөөдөр /2023.02.15/  Улаанбаатар чуулгын танхимд үргэлжилж байна. 

Шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж байгаа юм. Харин шүүх хуралдааны эхэнд нэр бүхий 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлтээ хүргүүлсэн. 

Тэгвэл тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс дээрх нэр бүхий өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцээд, хуралдаан даргалагч шүүгч Ж.Болдбаатараас татгалзсан татгалзал нь үндэслэлгүй гэж үзжээ. Тиймээс шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн шүүгч Ж.Болдбаатар даргалж байна. 

Шүүх хурлын үеэр өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлтийг гаргалаа. Учир нь, хувь хүний нууцтай олон асуудал хөндөгдөж яригдахаас гадна албаны нууцтай холбоотой баримт материалын талаар ярина гэдгийг тодотголоо. 

Харин прокурорын зүгээс дээрх саналыг хүлээн авч, хууль зүйн хувьд хаалттай явуулах үндэслэлтэй гэж үзлээ. Ингэснээр талуудын саналыг шүүх зөвлөлдөөд хаалттай явуулахаар боллоо. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу