Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын хүрээнд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрөв.

Монголд гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт түлхүү орж ирдэг. Энэ нь улсын эдийн засгийн төрөлжилтийг хязгаарлаж буйг эдийн засагчид анхааруулсаар ирсэн билээ.

Монгол Улсад 1990-2023 оны I улирлын байдлаар нийт 41.1 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсний 73 хувь нь уул уурхайн олборлолт, 11 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт, үлдсэн 16 хувь нь бусад салбарт хийгдсэн байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт төрөлжихгүй, нэг салбарт харьцангуй ихээр төвлөрч байгааг харуулж буй юм.

“Оюутолгой” төслийн уул уурхайн олборлолт, бүтээн байгуулалттай холбоотойгоор Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 оноос эрс нэмэгджээ. Сүүлийн 10 жилийн дунджаар гадаадын шууд хөрөнгө оруулалтын 42 хувийг “Оюутолгой” компани дангаараа бүрдүүлсэн байна. Гэвч нийт орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй байгаа юм.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, Монголбанк

Улсын хэмжээнд 2023 оны эхний улирлын байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийт 246.8 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байснаас гадаадын хөрөнгө оруулалттай 9350 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 1990-2023 онд нийт 14836 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгүүлснээс 5486 нь татан буугдсан, тэдгээрийн 33 хувь 2010-2022 онд хаалгаа барьсан байдаг.

Тус хуулийн төсөлд анхаарал татсан, маргаан дагуулсан нэг заалт бий. Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинээр орж ирэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тавигдах шаардлага болох 100 мянган ам.долларын шаардлагыг зарим салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад байхгүй болгосон. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэх нөхцөл бүрдэх ба уул уурхайн салбараас бусад салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэнээ тайлбарлаж байв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дагуулж өргөн барьсан гадаад улсын аж ахуйн нэгжид 100 жилээр газар ашиглуулах Газрын хуулийн төслийг илчиллээ” гэж попорч байв. Хуулийн төслөө сайтар уншаагүй, эсвэл хэн нэгний ямар нэгэн эрх ашгийн төлөө “үйлчилсэн” байж болох. Хамгийн хортой нь, ингэж попорсны улмаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга “гацсан”-ыг учир мэдэх олон хүн хэлж буй юм.

Учир юун гэвээс, УИХ-аас 2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан “газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” татварын бус урамшууллыг хөрөнгө оруулагчид үзүүлэх зохицуулалт өдгөө хүчин төгөлдөр байгаа юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ид хэлэлцэж байх үед Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Үндсэн хуульд гадаадын аж ахуйн нэгжүүдэд газрыг эзэмшүүлж болохгүй гэж заасан. Ийм учраас энэ төслийн хувьд одоо мөрдөгдөж буй, гэхдээ Үндсэн хуультай зөрчилдөж байгаа “эзэмшүүлэх” гэдэг үгийг хасч өөрчилсөн” гэж тайлбарлаж байв.

Энэ удаад 1993 онд баталсан хуулийг 2013 онд өөрчилсөн хуулийн хулгайг засах гэж байгааг эдийн засгийн шинжээчид өгүүлж буй юм. Тодруулбал, Ерөнхийлөгч Н.Багабандийн үед, П.Жасрайн засгийн газар 1993 оны Хөрөнгө оруулалтын тухай хуульд “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний үндсэн хугацаа тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар ашиглах гэрээний үндсэн хугацаа эхний ээлжид 60 жилээс илүүгүй байна. Газар ашиглуулах гэрээний хугацааг гэрээнд заасан нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болно” гэж заажээ.

Харин З.Энхболд УИХ-ын дарга, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед буюу 2013 онд дээрх хуульд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, тус хуулийн 12.1.1-д “газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” тухай заажээ. Өөрөөр хэлбэл, 1993 оны хуульд зөвхөн ашиглах гэж заасан байсан бол 2013 оны хуульд эзэмшүүлэх, ашиглуулах гэж заасан аж.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (2023)-д тус хуулийн 16.1.1-д “газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах гэж заасан байна. Энд эзэмшүүлэх гэдгийг хасчээ.

Хуулийн төслийг сайтар уншсан бол ойлгож цөхөөд, асуудал болгож попрох шаардлага ерөөсөө байхгүй юм. Хэт мэдэмхийрч, попорсон хэн нэгний дөвчигнөлөөс болж УИХ-ын хаврын чуулганаар батлагдчих байсан хуулийг гацааж, улсын хөгжил, хөрөнгө оруулалтад тушаа болсон нь тун харамсалтай.

Эдийн засаг төрөлжөөгүй, уул уурхайн салбараас хэт өндөр хамааралтай, дэд бүтцийн хөгжил сул, эрчим хүчний найдвартай хангамж сул, технологийн хувьд хоцрогдолтой гэх мэт сул талууд оршсоор байна.

Монгол Улсад тулгамдаж буй бэрхшээл, хүндрэлийг даван туулах арга зам нь дотоодын хөрөнгө оруулалтаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг илүү ихээр татан оруулах, орчин үеийн шинэ техник, технологи нэвтрүүлэх явдал билээ.

“Хэт мэргэн жараахай” болж мэдэмхийрэлгүй, попорч тодрох гэлгүй, эдийн засгийн хөгжилд гаднын хөрөнгө оруулалт юу юунаас чухлыг ухамсарлаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яаралтай батлах шаардлага тулгарч буй.

Өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын эдийн засгийн форумд гадна, дотны маш олон хөрөнгө оруулагч Улаанбаатарыг “сонирхож”, итгэл найдвар тээж ирсэн. Хэрэвзээ бид дээрх хуулиа баталчихсан, “Бид ийм таатай өөрчлөлт оруулчихаад байна, одоо хөрөнгө оруулалтаа хийгээрэй” гээд нүүр бардам хэлээд, хөрөнгө оруулалт татах боломж байсан. Тэр их боломжийг бид алдсан. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маш яаралтай батлаад, дэгэн догонтой эдийн засгаа аврах боломж бидэнд бийг хэлье.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу