Аризонагийн Их сургуулийн шашин судлалын профессор Хуайю Чен “The Conversation”-д бичсэн нийтлэлээ “Ромын пап Франциск 1500 хүрэхгүй католик шашинтай Монгол Улсад 1992 оноос хойш анх удаагаа айлчлах гэж байна. Пап ламын айлчлал тус улсын өнө удаан жилийн ээдрээтэй түүхийг эрхгүй санагдуулж буй юм” гэж  эхлүүлжээ.

Бид энэ удаа “БИДНИЙ ТУХАЙ” буландаа түүний нийтлэлийг онцолж байна.

Тэрбээр “Монгол Улс ердөө 3.4 сая хүн амтай бөгөөд 87.4 хувь нь буддын шашинтай. Хойд талаараа ОХУ, урд талаараа БНХАУ-тай хиллэдэг, далайд гарцгүй энэ улс коммунизмаас татгалзсан. Өөр өөр шашин шүтлэгийг хүлээн зөвшөөрснөөр жижиг католик нийгэмлэг бий болсон. Тухайн үед Ватикантай дипломат харилцаагаа сэргээж, католик шашны номлогчдыг хүлээн авах болсон юм.

Монголчууд католик шашныг тэртээ XIII зууны эхэн үеэс мэддэг болсон. Манай эриний 1000 оны үед Монголын тал нутаг дахь хэд хэдэн овог аймгууд несториан шашинтай байжээ.

Монголын эзэнт гүрэн

Чингис хаан 1206 онд Монголын эзэнт гүрнийг байгуулж, хожим нь Монголын эзэнт гүрэн Газар дундын тэнгисийн зүүн бүс нутгийг эзэлсэн. Монголчууд Тэнгри бурхан, бөөгийн шашин шүтдэг байж. Гэсэн хэдий ч Чингис хаан өргөн уудам эзэнт гүрний бүх эзлэгдсэн харъяатуудыг захирахын тулд “Их Яса” (Их засаг.орч) хууль гаргасан. Энэ нь түүний дэглэмийн дор байгаа хүмүүст шашин чөлөөтэй шүтэх эрх чөлөө олгосон. Монголын эзэнт гүрний үеийн хүмүүс буддизм, христийн шашин, иудаизм, исламын шашин шүтдэг байсан.

Эзлэгдсэн овог аймгуудын дотор Несториан христийн шашинтнууд байсан бөгөөд тэд Есүс Христийг хүн төрөлхтний бурхан гэж үздэг байжээ. Христийн шашинтай эмэгтэйчүүд Монголын хэд хэдэн хаантай гэрлэсэн.

Пап ламын элч нар

Монголчуудын байлдан дагуулал Евразийн өргөн уудам нутагт соёл, шашин шүтлэгийг түгээж, худалдааны замыг нээж өгсөн. Католик шашны номлогчид анх удаа Зүүн Ази руу хуурай замаар аялах боломжтой болжээ.

Монголчууд байлдан дагууллынхаа он жилүүдэд Монголын ноёрхлыг эсэргүүцэгчдийг хүйс тэмтэрч байсан ч Төв болон Баруун Азийн олон христэд итгэгчийг өршөөж байсан аж. Энэхүү байлдан дагуулал нь Европ хүмүүс төдийгүй Ойрхи Дорнодын лалын шашинтнуудыг цочирдуулсан.

Монголчууд 1241 онд Унгар, Румыныг эзлэн түрэмгийлсний дараахан Пап лам IV Иннокентий Католик шашны номлогчид, тэр дундаа Плано Карпинин Жонн хэмээх тахилч тэргүүтэй элч төлөөлөгчдөө энх тайван байдлыг тогтоохоор Монгол руу илгээжээ.

Ромын папын зарлигаар 1246 онд Карпини Монголд зочилж, Монголын эзэнт гүрний шинэ захирагч, Чингис хааны ач хүү Гүюг хаанд захидал хүргэхдээ католик шашинд орохыг уриалсан байна. Гүюг хаан хариуд нь Пап лам болон Европын бусад эрх баригчдыг өөрт нь үнэнч байх тангараг өргөхийг хүсчээ.

Католик шашны номлогчид тухайн үед монголчуудыг “урвуулах” арга замыг олж чадаагүй ч үе үеийн удирдагчидтай хамтран ажилласаар байв.

Францын хаан IX Людовикийн хамтрагч Уильям де Рубрук хэмээх тахилч 1248 онд Иерусалимд айлчлах үеэрээ Доминиканы тахилч Эндрю Лонгжумотой уулзжээ. Тэр  үед IX Людовик Газар дундын тэнгисийн зүүн бүс нутагт лалын шашинтнуудын эсрэг загалмайтны аян дайныг удирдаж байсан. Тэрбээр Рубрукийн Уильям, Эндрю Лонгжюмогийн монголчуудтай лалын шашинтнуудын эсрэг холбоо байгуулах тухай саналыг дэмжиж байсан аж.

Католик ба несторианизм

Уильям Рубрукийн айлчлал шууд үр дүнд хүрээгүй ч илүү урт хугацаанд тодорхой нөлөө үзүүлжээ. Түүний айлчлалын өмнө католик шашны номлогчид болон несторианчуудын хооронд тийм ч таатай харилцаа холбоо байгаагүй ч Уильям Рубрук Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр дэх несторианчуудын нийгэмлэгийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлжээ.

Несториан лам Раббан Бар Саума 1287 онд одоогийн Бээжингийн ойролцоох Ханбаликаас Иерусалим руу мөргөл хийхээр мордсон байна. Хожим нь Саумагийн шавь Раббан Маркос одоогийн Иран дахь Монголын захирч байсан Ил хаант гүрний Несториан сүмийн тэргүүн Яхбаллаха III цолтой патриарх болжээ.

Үүний зэрэгцээ католик шашны номлогчид Төв Азид нөлөөгөө бэхжүүлж эхэлсэн байна. Монтекорвиногийн Жон тахилч Ханбалик хотод католик сүм барьж, Пап лам Клемент V-ын зарлигаар патриарх болжээ. Тэрээр 1313 он гэхэд Монголын 6000 орчим хүнийг шашиндаа “урвуулж” чадсан байна.

Монгол дахь шашны сэргэлт

Дараагийн хэдэн зуунд Монголын шашин шүтлэг тухайн бүс нутгийг хэн захирч байснаас хамаарч өөрчлөгдсөөр байв. Чингис хааны ач хүү Хубилай хааны хаанчлалын XIII зууны сүүлчээр олон монгол Төвдийн буддизмыг шүтэж байв. Гэвч 1368 оноос хойш монголчууд төв Ханбал (Дайду хот. орч)-ыг орхин гарахад Төвдийн буддизм, католик шашны нөлөө буурсан. Несториан нийгэмлэг ч аажмаар алга болж, дахин сэргэсэнгүй.

Харин XVII зуунд Чин гүрний үед Монголд буддын шашин сэргэсэн. Гэвч XX зуунд ЗХУ-ын оролцоотойгоор Монголын улс төр эрс өөрчлөгдөж, Буддын шашны хүч нөлөө дахин буурав.

Монгол Улс 1992 онд ардчилсан улс болж, монголчууд дахин шашин шүтэх эрхтэй болсон. Буддизм цэцэглэн хөгжиж, католик шашны номлогчид тус улсад хүрэлцэн ирж, католик нийгэмлэг байгуулав.

Энэхүү шашин шүтлэг ихтэй газар нутагт зочлох Пап ламын айлчлал геополитик болон шашны үүднээс чухал ач холбогдолтой юм. 2023 оны зургадугаар сард Пап лам энх тайвны элчийн хувьд олон улсын энхийг сахиулах хүчин чармайлтын хүрээнд Орост айлчилсан. Нэг ч Пап лам Ватикантай дипломат харилцаагүй Хятадад айлчилж байгаагүй.

Ерөнхийдөө Ромын папын Монголд хийсэн анхны айлчлал Зүүн Ази, ялангуяа Хятад дахь католик шашинтнуудад хүчтэй нөлөө үзүүлж магадгүй гэж би үзэж байна” гэжээ.

Эх сурвалж: THE CONVERSATION
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу