“Нүүрсний хулгай”-н гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өчигдөр (2023.08.29) Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон.

Намын гишүүдээ дэвсэлж, өөрөө шударга үнэний туг болох гэж хичээж явсан Т.Аюурсайхан шүүхийн танхимд орохын өмнө сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Намайг нүүрсний хулгайч мэтээр харагдуулж, гүтгэж байгаа хүн олон бий. Өнгөрсөн хугацаанд намайг хуулийн байгууллагаас олон дуудсан. Дуудсан хугацаанд нь очиж байсан. Хууль шүүхийн байгууллагаас тус хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байна. Тиймээс гадаад томилолтоо хүртэл цуцалж байсан.

Мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай үргэлжлүүлж өгөөсэй. Шүүх хуралдааныг нээлттэй явуулж, үнэн бодит зүйлийг иргэдэд мэдээллээсэй гэж хүсэж байна. Тиймээс надад нууж хаах зүйл байхгүй” гэж мэдэгдсэн. Гэсэн ч түүний сандарсан байдал, хоолойны өнгөнөөс харахад түүнд асар их айдас байгаа нь харагдаж байв. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх тохироотойгоор хэргээ хаалгах тохироо хийсэн гэж яригддаг ч түүний айдас одоо болтол байсаар байна.

Т.Аюурсайханы зөвлөхөөр ажиллаж байсан Б.Отгонжаргалыг АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн байдаг. Тэрбээр Т.Аюурсайханы зөвлөхөөр ажиллаж байгаад Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал болоход Худалдан авах ажиллагааны газрын даргаар очсон байдаг. “Мөнгөний хүүдий” гэж нэрлэгдэх болсон тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга гэдэг мөнгөний урсгал дээр суудаг албан тушаал гэж ойлгож болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Отгонжаргал “Уурхайн ажилчдын хотхон барих” 8.9 тэрбум төгрөгийн тендерийг өөрийн хамаарал бүхий байж болзошгүй “Лаки лайф” компанид давуу байдал бий болгож өгсөн гэгддэг. Харин И.Даваадорж Т.Аюурсайханы шадар туслахаар ажиллаж байгаад түүнийг ХНХ-ын сайд болсны дараа яамны харъяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар томилогдон очсон байдаг.  

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 8.9 тэрбум төгрөгийн тендер авсан “Лаки лайф” ХХК Ганболдын Гантөмөр гэх хүний нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд тэрбээр И.Даваадоржийн эхнэр Д.Дэлгэрмаатай “Монверсус” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. И.Даваадорж нь ч дээрх компанид хувь эзэмшдэг талаараа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлж байсан юм. Ийм хэлхээ хамаарлын хүрээнд Т.Аюурсайхан айдастай байх нь аргагүй.

Мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан хэмээн түүнийг буруутгаад буй. Анхнаасаа шударга гишүүний дүрд тоглож ирсэн тэрбээр энэ удаа нэр хичээж таарна. Тиймээс айхгүй байгаа мэт дүр бүтээж байгаа ч маш том айдас түүний ард байсаар байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг айдгаа авдартаа хийсэн бололтой. Тэрбээр “Энэ хүмүүс дотор над шиг есөн сар хоригдсон хүн байхгүй. Энэ удаагийн хурал нэг шанага нүүрстэй ч холбогдохгүй. Тийм болохоор шүүх хуралдааныг битгий хойшлуулаасай хэмээн хүсч байна” гэв. Түүний өмгөөлөгч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй. Өөрийнх нь хэлснээр тэр үнэхээр есөн сар хоригдсон.

Анх саатуулагдахдаа орилж хашгичин тун хэцүү байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Тэгвэл шүүх танхимд ирэхээсээ өмнө тайвширсан байсан уу, эсхүл намын томчуудтайгаа тохироонд хүрч асуудлаа шийдүүлсэн үү, ямартай ч Т.Аюурсайханы хажууд ямар нэгэн айдасгүй харагдана лээ. Эсхүл шүүх хурлын үеэр бүх үнэнийг нь өчиж, намын удирдлагуудынхаа багийг хуу татна гэж бодсон байж ч болох. Гэхдээ Б.Ганхуяг намын удирдлагуудтайгаа тохироонд хүрсэн гэх мэдээлэл бий. Тохироо гэдэг нь хэргээ хэрэгсэхгүй болгуулах юм.

Нөгөө талд нь Б.Ганхуяг бол гүйцэтгэгч байсан гэдэг утгаараа дээрээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлсэн гээд явахад харьцангуй бага ялтай сална. Үүрэг өгсөн намын удирдлагууд нь хуйгаараа хуулийн байгууллагын үүд сахих тул өөрийг нь шууд золигт гаргаж чадахгүй хэмээн сэтгэл жаахан уужирсан байж магадгүй.

Гэхдээ нүүрсний хулгайн хэргийн хамгийн том авторуудын нэг нь яах аргагүй тэр. Тиймээс гарын салаагаар орсон мөнгөнүүдээ тайлбарлавал УИХ, орон нутгийн сонгууль цаашлаад Ерөнхийлөгчийн сонгууль руу чиглэх магадлал өндөр. Тиймээс бүгдийг нь өчихөд намынх нь удирдлагуудын талаас илүү нь хамт тарчлах тул тохироонд хүрсэн гээд байгаа юм.

Нүүрсний хулгайн гэх хэргийн урьдчилсан шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 12-ны өдөр хүртэл түр хойшлоод байгаа билээ.

Э.ТЭРГЭЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу