Залуу уран бүтээлч, реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учралтай ярилцлаа. Түүнийг ойр дотныхон нь “хөдөлмөрч” гэж тодорхойлдог юм билээ. Дуу, хөгжимд дурласан үе нь багаасаа хэдий ч 2019 оноос бүхнээ зориулж, уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан орсон тэр дөрөвхөн жилийн дотор Монголын урлагийн салбарт өөрийн орон зайг бүтээжээ. Үүнээс нь харахад яахын аргагүй хөдөлмөрч нэгэн аж.

Тэр есдүгээр сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Нэг л өдөр” бие даасан тоглолтоо хийж, өнгөрсөн хугацаанд хөдөлмөрлөснийхөө үр шимийг үзэгч, сонсогчидтойгоо хуваалцах гэж байна. Түүний тоглолтынх нь бэлтгэл дээр очиж, хийсэн ярилцлагад уншигчдынхаа анхаарлыг хандуулъя.

-“Нэг л өдөр” тоглолт болоход цөөхөн хоног үлдлээ. Фенүүд тань тэсэн ядан хүлээж байгаа нь анзаарагдаж байна. Тоглолтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ? 

-Цөөхөн өдөр үлдсэн учраас ачаалал ихтэй л байна. Бид эрвийх, дэрвийхээрээ ажиллацгааж байна даа.  Үзэгчдэдээ маш гоё сэтгэгдэл төрүүлэхийг, өөрөө ч бас сайхан мэдрэмж авахыг хүсэж байна. Тийм болохоор хөгжмийн дуугаралт, тайзны тавилт, зохион байгуулалт гээд бүх зүйлдээ чадлаараа анхаарч байна. Тоглолт бүрт яригддаг 00, хамгаалалтын асуудлыг ч чадахаараа шийдвэрлэхийг хичээсэн. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэн дотор зөөврийн 00 тавиулдаггүй юм билээ. Тийм учраас гадна нь олныг тавиад, сэлгэх байдлаар арга хэмжээ авахаар ажиллаж байна. 

Нэгдүгээрт аюулгүй байдал, хоёрдугаарт тав тух, гуравдугаарт сэтгэл ханамжийг чухалчилж байна.

-Тоглолт дээрээ хэчнээн дуу дуулах вэ? Ер нь хэдэн цагийн тоглолт болох бол? 

-“Авдрын ёроол”-той нийлээд 50 орчим дуу байна лээ. Үүнээсээ 30 гаруйг нь тоглолт дээрээ дуулахаар төлөвлөөд, бэлдэж байна. Ийм тооны дуу нэг хүн дуулна гэхээр урт болох юм билээ. Зөвхөн миний хэсэг гэхэд гурван цаг орчим үргэлжлэх байх. 

-Хүүхэд байхаасаа л “Rep dembee”, “Backyard”, “Universe best songs” зэрэг олон уралдаан, тэмцээнд оролцдог байсныг тань сонсогчид нь сайн мэдэх байх. Дуу, хөгжимд чин сэтгэлээсээ татагдаж, дурлаж орсон үе нь хэзээ байв?

-Яг дурлаж орсон үе гэвэл 2019 оноос юм байна. Саяхнаас л даа. 2016 онд “Backyard”-д дуулсан. Түүний дараагаас жилд хоёр, гурван л дуу цацдаг байсан юм. 2019 оноос хойш маш эрчимтэйгээр дуунуудаа цацаж, шаргуу хөдөлмөрлөж эхэлсэн. 

-Ер нь яагаад дуу, хөгжимд татагдав. Хөгжмөөс ямар мэдрэмж авдаг вэ?

-Заримдаа хоосон, заримдаа дүүрэн санагдана. Дуугаа бичээд дуусахад маш их тайвшрал мэдэрдэг. Зарим үед хоосорчихсон юм шиг. Дуу цацах бүрдээ өөрөөсөө нэг зүйл салгаж, үлдээгээд байгаа мэт тийм мэдрэмж төрөөд байдаг юм. 

-Өөртөө “ханадаггүй”, үргэлж сайжрахыг тэмүүлдэг гэж ярьж байсан. Уран бүтээлүүдээс тань ч мэдрэгддэг. Урлагийн зам мөр хөөснөөсөө хойш анх удаагаа бие даасан томоохон хэмжээний тоглолтоо хийхээр шийджээ. Өөрийгөө ийм хэмжээнд хүрсэн гэж үнэлээд тоглолт хийж байна уу?

-Би хэзээ ч өөрийнхөө санаанд хүрч байгаагүй. Энэ удаад ч “болчихлоо” гэж бодоод хийж байгаа юм биш. Өлзий-Учрал гэдэг хүн гэнэт нэг өдөр алга болчихож магадгүй. Тийм учраас тоглолт хийхгүй бол болохгүй нь гэж бодсон юм. 

-Ээжийнхээ тухай дуунууддаа их оруулдаг юм байна гэж анзаарсан. Сүүлд цацсан “Хөхөө шувууны домог” гээд дуу таны ээжийн тухай юу? 

-Би ээжтэйгээ, төрснөөс өөрцгүй нэг ахтайгаа өссөн. Ер нь хүн өөрт үлдсэн дурсамж, байгаа мэдрэмжээ л уран бүтээлээрээ гаргадаг. Тэгж гэмээнэ үнэн болно. Миний хувьд ээж гэдэг хүн надтай хамгийн гүн гүнзгий холбоотой. Тэгээд л миний дотроос ийм дуунууд гарсан байх.

-Тэр дууны үг хүнд юм билээ. Ээж нь өдийг хүртэл амьдралын төлөө ганцаараа зүтгэсэн. Гэхдээ нэг ч удаа гомдоллож байгаагүй гэх агуулгатай?

-Миний ээж их тэмцэгч хүн. Өөрт нь тохиолдсон баяртай, сайхан зүйлсээ инээд алдаад л хэлнэ. Тэгсэн хэрнээ хүнд, хэцүү явдал тохиолдвол хэлдэггүй. Тийм үеүдээ тэвчээд, даван туулж байгаа нь надад мэдэгддэг байсан. Хэзээ ч гомдоллож байгаагүй дээ, миний ээж.

-Ямар ажил хийдэг хүн бэ?

-Одоо хувиараа. Угаасаа ээжийгээ юм хийлгэмээргүй байна. Хийхээ хийчихсэн хүн шүү дээ.

-Урлагийн салбар руу ороход тань хэр их дэмжсэн бэ?

-Дэмжсэн. Ээж надад их итгэдэг юм. Намайг их айхтар гэж боддог. Би өөрөө ч багын хэрсүү, зам гарахдаа ч хянамгай хүүхэд байсан. Ер нь орой гэртээ ирэхэд халуун хоол бариад урдаас угтана гэдэг л дэмжлэг шүү дээ. Намайг ойлгодог, маш их дэмждэг. 

Ээжийнхээ ачийг хариулж чадахгүй ч гэсэн хэл аманд орооцолдохгүй, санааг нь зовоохгүй байхад л болчихно гэж боддог. Алт, эрдэнэс гээд байхаас илүүтэй нүдэн дээр нь эрүүл саруул байж байх л хамгийн том зүйл. 

-Мэдээж маш их дуртай байсан болохоор л урлагийн салбарт хөл тавьсан болов уу. Одоог хүртэл уран бүтээлээ тасралтгүй хийж яваа “шалтгаан”-аа юу гэж тодорхойлох вэ?

-Амьд байгаагаа мэдрэхийн тулд. Дуу, хөгжим миний амьдралыг утга учиртай болгодог учраас л өдийг хүртэл хийсээр ирсэн. Мэдээж миний дуу олон хүнд хүрч байвал гоё. Гэхдээ амин чухал зүйл нь энэ бүхэн миний сэтгэлийг тэжээдэг юм. 

Тийм ч учраас би уран бүтээлч болохын тулд бүх зүйлээрээ дэнчин тавьсан. Манай найзуудын ихэнх нь гэр бүлтэй болчихсон байна. Харин би гэр бүл зохиогоогүй. Шалтгаан нь ерөөсөө л дуу. Үерхэж, болзож байсан хүндээ цаг гаргаж чадахгүй, дуу руугаа орчихдог байсан. Ингэж бүх зүйлээрээ дэнчин тавиад орсон учраас дуу маань надад хамгийн үнэ цэнтэй.  Ингэснээрээ алдсан ч байж магадгүй. Оносон ч байж магадгүй. Эцсийн эцэст надад үлдэх зүйл нь миний дуунууд. Зуун дамжих нь ч юу юм бэ, гэхдээ намайг үхлээ гэхэд байсаар л байна. Миний сүнс дуун дотор минь явсаар л байна. Миний дуу хоолой, миний дүрс, мэдрэмж, дотор нь үлдсэн сэтгэгдлүүд, миний дууг сонсоод урам авсан хүмүүс. Энэ бүхэн намайг утга учиртай болгодог. 

Би сүүлийн жилүүдэд бүхнээ зориулсан учраас миний амьдралын хамгийн чухал зүйл бол дуунууд минь.

-Олон хүүхэд залуус таны дууг сонсож, үлгэр дуурайлал авч байна. Үйлдэл бүрийг тань тэд харж байгаа учир зөв үлгэрлэл үзүүлэх хэрэгтэй болно шүү дээ?

-Биеэ барих тохиолдлууд байна. Гэхдээ хүмүүс намайг бусдын л адил хүн гэж хараасай гэж хүсдэг. Хэрвээ би хэн нэгэнтэй муудалцаж байвал хүн гэдгээр нь хараарай. Ууртай явж болно, сайхан ааштай байх үед ч харж болно. Эд бүгд хүний мэдрэмж. 

Мэдээж хүмүүст үлгэр дуурайлал болъё гэж боддог. Гэхдээ тэр нь тууштай байдлаараа юм болов уу л гэж боддог. Түүнээс биш хувь хүн талаасаа цэцэг шиг хүн өөгүй, сайхан ааштай хүн байя гэж боддоггүй. Угаасаа би тийм байж чадахгүй. 

-Та дуу хөгжимдөө бүхнээ зориулаад хайр дурлалдаа цаг гаргаж чадаагүй гэж хэллээ. Одоо гэр бүлтэй болъё гэж бодож байгаа юу?

-Гэр бүлтэй болох болоогүй л гэж бодож байна. 20 нас гараад ирэхээр л хүнтэй суугаач, оройтлоо гээд эхэлдэг монголчуудын нийтлэг хандлага бий. Тэрнээс салах ёстой юм шиг санагддаг. Хүн тодорхой цаг хугацааг өөртөө зориулаад, ганц бие амьдралаа харамсахааргүй өнгөрүүлсний дараа хэн нэгэнтэй учирвал тэр нь илүү зөв байх. Энэ мөн чанараараа л явж байна. Эрт хүнтэй гэрлэсэн бол одоо салчихсан байх ч байсан юм билүү.

Ганцаараа байж ханаагүй байна л даа. Цаашдаа хэдэн жил ганц бие явахаа мэдэхгүй байна. Энэ амьдралаараа явж байгаад, бэлэн болсон үедээ л гэр бүлтэй болно доо.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Дуунаасаа салж чадахгүй л байх. Гэхдээ тогтмол хийх эсэхээ мэдэхгүй байна. Хэсэг хугацаанд завсарлага авах хэрэгтэй гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд үе үе тийм мэдрэмж төрдөг болсон. Аниргүй байхыг хүсэж байна. Чимээ шуугиангүй, тайван газар баймаар байна. Хөдөөгийн амар амгаланд мод хагалаад, тэрүүхэндээ алхаад л. Өөр хэв маягаар амьдрахыг хүсэж байна.

-Тоглолтыг тань ирж үзэх үзэгч, сонсогчиддоо хандаж юу хэлэх вэ? 

-Намайг дэмждэг, тоглолтыг минь ирж үзэх гэж байгаа хүмүүст бүгдэд нь баярлалаа. 12:00 цагаас хаалгаа нээнэ. 15.00 цагаас тоглолт эхэлнэ. Урилгаар маш олон уран бүтээлч ирж байгаа учир тоглолт маань 8-9 цаг үргэлжлэх байх.

-Баярлалаа. Тоглолтод нь амжилт хүсье.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу