Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, “Хангай” хотхоны 513 дугаар байрны таван давхарт гал гарч байна гэсэн дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-т иржээ.

Тус дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиход нэр бүхий иргэний байранд ахуйн газ дэлбэрсэн байсныг шалгаж эхэлжээ.

Шалгалтаар тодруулахад, тус байранд тог тасарч, ахуйн хэрэглээндээ газын плитка ашиглаж байгаад, цахилгаан плитка дээрээ орхисон байна. Тог тасрах үеэр цахилгаан плитка залгаатай байсныг хэн ч анзаараагүй тул газ дэлбэрэн гал гарч, золоор хүний амь нас эрсдээгүй аж.

Өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт байрлах нэгэн айлын хийн баллон дэлбэрсний улмаас гэртээ байсан хоёр хүү хүнд түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Түлэгдсэн хоёр хүүхэд одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн, эмчлүүлж буй талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг зөв хэрэглэхгүй бол аюулын эх үүсвэр болдог. Хийн баллоныг буруу тээвэрлэж, хэрэглэж, хадгалсны улмаас дэлбэрч, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, улмаар амь насаараа хохирч үлддэг. Иймд Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэддээ:

  • Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулах
  • Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх
  • Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах
  • Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх
  • Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй
  • Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах
  • Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй
  • Хийн хоолойгоос уяа уяж юм хатааж болохгүй
  • Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнээр хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх
  • Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
  • Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй
  • Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах
  • Агуулах, амбаарт дүүрэн шингэрүүлсэн хийтэй баллон хадгалахыг хориглоно.
  • Түүнчлэн өрөөнд 50 литрийн багтаамжтай нэг баллон, эсвэл 27 литрийн багтаамжтай хоёр баллон (нэг нь нөөц) байлгахыг хориглодгийг анхааруулав.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу