Өчигдөр олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрладаг хилийн отрядыг Гурван тэс сум руу шилжүүлж, улсын хилийн 15 км газар нутгийг хилийн хяналтаас гаргаж, БНХАУ-ын талд шилжүүлж өгсөн гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тайлбар мэдээлэл өглөө. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Энэ бол ташаа мэдээлэл. Үүнийг нийтэлсэн байж болзошгүй хоёр иргэнийг олж, Эрүүгийн цагдаагийн газар болон Тагнуулын ерөнхий газраас шалгалтын ажиллагаа хийж байгаа. 

Монгол Улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр огт гараагүй. 

Манай хоёр улс 1962 онд хилийн гэрээ байгуулан 64 он хүртэл хилийг газар дээр нь тэмдэглэж, 1975 онд НҮБ-д манай урд хил бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, Манай улсын БНХАУ-тай хиллэж байгаа хилийн эргэлтийн цэгийг өөрчлөх боломжгүй. 

Хил хамгаалах байгууллага 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. БНХАУ-тай хиллэж байгаа бүх боомтууд хэвийн ажиллаж байгаа. Зарим боомтууд амралтын өдрүүдэд амардаг, Замын-Үүд зэрэг амардаггүй боомтууд ч бий.

Сүүлийн үед сонгуулийн уур амьсгал орж байгаатай холбоотойгоор олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд ноцтой хохирол учруулахуйц мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар нууц хаягаас явуулдаг, олон нийтийг зэвсэгт тэмцэл, бослогод уриалан дууддаг зүй бус үйлдлүүд гарч байна. Үүнд хууль сахиулах болон тагнуулын байгууллага дүгнэлт хийж, эдгээр хүмүүст хуулийн хариуцлага тооцохоор ажиллаж байна” гэлээ. 

Үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Урд хөрш энэ талаар мэдээлэл авч байгаа байх. Ямар байдлаар хандаж байгаа бол. Мэдээлэл ирсэн үү?

-Одоогийн байдлаар БНХАУ-аас энэ мэдээлэлтэй холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй. Ирүүлэх ч шаардлага байхгүй. Энэ бол манай дотоод нийгмийн сүлжээнд тавигдсан мэдээлэл. 

-Мэдээлэл цацсан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангид Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг тусад нь бүлэглэж, зохицуулсан байдаг. Энэ бүлэгт дурдсанаар энэ хүмүүс яг аль төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг мөрдөн шалгах байгууллага тогтооно. Энэ дагуу ажиллаж байгаа. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу