Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд Бен Уоллес 2019 оны долдугаар сараас хойш хашиж буй сайдын албан тушаалаасаа огцорлоо. Тус улсын Засгийн газрын цахим хуудаст Ерөнхий сайд Риши Сунакт хаягласан түүний огцрох өргөдлийг нийтэлжээ.

Уоллес өнгөрсөн долдугаар сард кабинетаа орхих бодолтой байгаагаа зарлаж, улс төрөөс залхаж буйгаа тэмдэглэжээ. Тэрбээр захидалдаа, маш их завгүй ажилласны улмаас орхигдсон хувийн амьдралдаа цаг заваа зориулж, “өөртөө шинэ боломжууд нээх”-ийг хүсч байгаа тухайгаа дурдсан байна.

Уоллес “Батлан ​​хамгаалах яам дэлхийн шилдэг хүмүүстэй дэлхийн жишигт нийцсэн байгууллага болох замдаа явж байна” гэж бичээд, тус хэлтэс олон жилийн туршид илүү орчин үеийн болж, санхүүгийн хувьд илүү тогтворжсоноор бахархаж байгаагаа хэлсэн байна.

Тэрбээр Ерөнхий сайд Сунакт хандан батлан хамгаалахын зардлыг танасан нь оновчтой шийдвэр биш болохыг тэмдэглээд, “Ирэх арван жилд дэлхий улам тогтворгүй болж, аюулгүй байдал алдагдана гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Батлан ​​хамгаалах салбарт хөрөнгө оруулах цаг хэдийнэ болсон гэж үзэж байна” гэжээ.

Уоллес Ерөнхий сайдад дэмжлэг үзүүлж, найрсаг хандсанд талархал илэрхийлээд, Засгийн газрын тэргүүн болон түүний танхимыг дэмжсээр байхаа онцолсон байна. Тэрбээр мөн Их Британийн Зэвсэгт хүчнийг дэлхий даяар хүндэтгэдэг бөгөөд Украинд мөргөлдөөн эхэлснээс хойш “энэ хүндлэл улам бүр нэмэгдсээр байгаа”-г ч онцолжээ.

Эх сурвалж: TASS, SPUTNIK
Э.ЭГГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу