Ийм сэтгэгдэл цахим орчинд харагддаг. Тэр яах аргагүй бөх л дөө. Үндэсний их баяр наадамд нэг түрүүлж, дөрвөн удаа үзүүрлэж, 14 удаа шөвгөрсөн бөх юм. Чөлөөт бөхөөр Азийн аварга, Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж, олимпын наадамд эх орныхоо нэр дээрээс босож байсан хүнийг бөх л гэнэ шүү дээ. Үндэсний бөхөөр аварга цол хүртэнэ гэдэг хичээсэн бүхний хүрдэг замнал биш. Тэгэхээр муу бөх гэж хэлэх ямар ч үндэслэл байхгүй. Залуу насаа тэр спортод зориулж. Спортоор хичээллэсэн хүмүүс хортой бас шартай. Ялалтын төлөө бүхнээ зориулж ирсэн байдаг. Тиймээс амьдрал дээр ч тэр унаган араншин нь харагддаг.

Одоо тэр Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар. Намынхаа болон Ардчилсан намын ах нарын 30 жил бугшсан алдаа, оноог нь үүрч, засах гэж хичээж яваа улстөрч. Хэн нэгэнд буруу өгч, нялзаалгүй, муулуулж, зүхүүлэн хотод жаахан ч гэсэн өөрчлөлт хийх гэж бидэнд өдөр бүр загнуулж яваа дарга.

Энэ зуны үер усны учруулсан гамшгийг хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Дөрвөн хүний халуун амь, олон хүний эд хөрөнгөөр хэмжигдсэн. Тэр гал дундуур туучиж огцруул, зайлуул гэж хэдэн талаасаа сийчүүлэн голын голдирол өөрчилөн барьсан Шунхлай шатахуун түгээх станц, S Outlet дэлгүүр, Aqua garden буюу Авлигал хорооллыг буулгах шийдвэр гаргасан. Байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн өмнө бид ямар хүчгүй вэ гэдгээ хангалттай харсан тул дараагийн болзоогүй ирэх үер уснаас иргэдийн хөрөнгө, амь насыг хамгаалахын тулд хүсээгүй шийдвэрээ хүчээр гаргаж байгаа. Үнэнтэй нүүр тулж ойлгосон нэг хэсэг байхад үгийн хатуугаар чулуу нүүлгэж, улс төрөөс арчих бодолтой эсрэг хүмүүс ч бий. Үер усны гамшигтай зэрэгцэн ирэх жилийн сонгуулийн оноо авах уралдаан эхэлсэн нь харагдана. Хувийн өмч рүү халдлаа гэх юм. Хувийн өмч юм бол үер усанд хүн үйхэд төрд хамаагүй гээд сууж болохгүй тул ингээд муугаар цоллуулаад ч хамаагүй зүтгээд байгаа хэрэг.

Хүчтэй, бяртайгаа гайхуулах гээд байгаа юм биш. Голын голдирол өөрчлөөгүй байсан бол Шунхлай шатахуун түгээх станц, S Outlet дэлгүүр, Aqua garden буюу Авлигал хорооллыг буулгах шийдвэр гарахгүй байсан. Эрдэмтэд, судлаачдын тооцооллыг харж хэр баргийн хүнд таалагдахгүй хүнд шийдвэрийг гаргасан болов уу. Өнгөрсөн хугацаанд нийслэлийг удирдаж ирсэн олон дарга нараас хэн нь ч өөртөө улс төрийн хасах оноо авах ийм шийдвэрийг зориглож гаргахгүй байсан гэдэг нь ойлгомжтой. Тийм ч учраас өнөөдрийн замбараагүй хотод бид гэр хорооллын жорлонтойгоо цуг урсаж, амьдарч байгаа хэрэг л дээ. Зүхүүлээд ч хамаагүй зориглож өмнөх алдааг засах, дараагийн аюулаас урьтаж хохирлыг тооцоолон хүнд шийдвэр гаргах Хотын дарга хэрэгтэй байсан. Энэ үед тэр ирж таарсан.

Шунхлай шатахуун түгээх станц бизнесийн буурь сэлгэж өөр газарт байршиж болно. S Outlet дэлгүүр газраа дүйцүүлэн аваад бизнесээ дахин эхэлж болно. Гэхдээ барилга байгууламжийн зардал тооцоогоо хэрхэн шийдвэрлэхээ нийслэлтэйгээ ойлголцолд хүрч шийдэх ёстой. Хариуцлагагүй хүмүүсийн халаас хэтэвчиндээ захирагдсан шийдвэрийн улмаас бизнесийнхэн хохирч болохгүй. Нөгөө талд нь маш олон иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирч ч бас болохгүй юм. Түүний гаргасан шийдвэрүүдээс хамгийн хэцүү нь Aqua garden хороолол. Иргэдийн зүгээс эсэргүүцэл гарах бүрд тэд маш хурдтай барилгаа барьсаар байсан.

500 иргэн захиалгаа өгчихсөн, компанийн зүгээс нэмэлт санхүүжилтээ хийж ажлаа үргэлжлүүлж байгаа. 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн гэх мэдээлэл бий. Эм энд жи компанийн болон иргэдийн хөрөнгө Дунд голын эрсдэлтэй бүсэд ингэж сүндэрлэсэн. Гэхдээ үер ус хэрхэн хохирол учруулсныг тус хороололд захиалга өгсөн хүмүүс мэдэж байгаа. Ийм эрсдэлтэй газар тэд амьдрах уу гэдэг нь ч эргэлзээтэй. Хэдэн жил аюулгүй амьдрах нь тодорхойгүй ийм нөхцөлд эд хөрөнгө, амь насаараа дэнчин тавьж орох иргэд тийм ч олон байхгүй биз.

Нийслэлийн удирдлагууд тус компанид дургүйдээ ийм шийдвэр гаргаад талцуулаад байгаа юм биш. Ирээдүйд учирч болох эрсдэлийн тооцооллыг хийсэн тул илүү их хөрөнгөөр, амь нас, эрүүл мэндээр хохирч болзошгүй тул урьдчилан сэргийлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс хувийн хэвшлээ хорлох, дээрэмдэх гээд улайрдаг тийм маанаг хотын дарга хийв гэж. Үер ус голдиролоо л дагаж урсдаг учраас ирээдүйд Aqua garden хороолол хэдэн их наядын хохиролтой нүүр тулах, хэдэн хүний амь насаар хэмжигдэхийг таах аргагүй. Нэг өрх дөрвөн ам бүлтэй гэж тооцвол 500 өрхийн 2000 хүний аюулгүй амьдрах эрхийн асуудал яригдаж байгаа юм. Үерт дөрвөн хүн амь насаа алдахад бослого тэмцэлдээ тулах шахаж байсан хүмүүс 2000 хүний амь насны асуудал дээр яаж хандахыг таах аргагүй. Голын голдирол доороо байнгын хөрсний устай газар өвөлдөө хөлдөж, зундаа гэсэж үер усанд суулт өгөх магадлал хамгийн өндөр. Ийм өндөр эрсдэл дунд амь насаа дэнчин тавьж амьдарна гэдэг даанч хайран бус уу. Харин гаргасан хөрөнгө, санхүүжилтийг нь хот болон компанийн удирдлагууд сайтар ярилцаж иргэн, аж ахуйн нэгжээ хохироохгүй байх шийдэлд хүрэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Муугаар бодож үерт нэрвэгдвэл Д.Сумъяабазар буулгахгүй яасан юм гээд л зүхнэ. Эрсдэлийг үргэлж тооцоолж байх хэрэгтэй. Тиймээс нийтийн эрх ашгийн үүднээс ийм шийдвэрт хүрсэн гэж ойлгох нь зөв байх. Түүнээс биш сонгууль дөхөж байхад олон нийтэд таалагдахгүй ийм шийдвэр гаргаад гал дуудаж суудаг Хотын намын хорооны дарга гэж байхгүй. Бид бодит амьдралтайгаа нүүр тулах хэрэгтэй байна. Нийтийн эрх ашиг, аюулгүй байдал хамгаас чухал. Зөвхөн энэ хороололд орон сууц захиалсан иргэдийн эрх ашгаас гадна голдирол өөрчилснөөс үер усанд нэрвэгдэж болзошгүй хотын иргэдийн аюулгүй байдалд давхар санаа зовсон шийдвэр юм шүү дээ. Хүч, эрх мэдэлтэйгээ гайхуулж Д.Сумъяабазар нураах шийдвэр гаргаагүй байх.

Нэг жишээ дурдахад, АНУ-д жижигхэн байшин авсан ч үл хөдлөх хөрөнгийн компани нь тус байшингийн сангийн холболт, цахилгаан, ус, насжилтаас эхлээд бүх зүйлийг нь шалгаж, таны авч байгаа байр ийм ийм эрсдэлтэй байна. Үүнийг нь та солиорой, засвар үйлчилгээ хийлгэх болсон байна гэх мэтчилэн  хүндээ чиглэсэн мэдээллүүдийг хангалттай өгдөг.

Хэзээнээс хөдөө зангаараа амьдарч ирсэн мань мэтэд шал дэмий зүйл мэт сонсогдож байсан ч эрсдэлийн тооцооллыг заавал хийх ёстой гэдгийг үер ус хангалттай харуулчихсан болохоор орон сууц авах иргэд бүх мэдээллийг авч байх хэрэгтэй юм билээ шүү гэдгийг тодотгох гэсэн юм. Үнэндээ бид орон сууцны байршил, гоё зураг, төслийг харж сонголтоо хийж 20 жилийн ипотекийн зээлдээ хамрагдаж байгаа биз дээ. Тийм болохоор учирч болох эрсдэлээ л хамгийн түрүүнд сонгохгүй бол дараа дараагийн Aqua garden хороолол сүндэрлэсээр байна. Заавал үерийн аман дээр шахам орон сууц барих газар, зөвшөөрөл олгосон хүмүүс хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэдний балаг өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон тул дараа дараагийн эрхтэн дархтанууд энэ бүгдийг тооцоолж халаасандаа бус нийтийн эрх ашиг, эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийг бодож зөвшөөрөл олгодог болох ёстой. Товчхондоо ёс журмын дагуу яваа л гэж байгаа юм.

Хувийн өмчид халдаж баахан граш буулгалаа гэж ноднин баахан загнуулсан. Харин граш байсан газарт өнөөдөр хүүхэд, ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж бий болсон. Хотын үзэмжид нөлөөлж ирсэн төмөр хашаа хайсыг буулгасан. Цэлийгээд л ирсэн. Иргэддээ шүүмжлүүлсэн ч түгжрэлийн эсрэг нийтийн тээврийн парк шинэчлэлтийг 13 жилийн дараа бүрэн хийж дуусаж байна. Өргөс авсан мэт өнөөдөр бүгд цэгцрэхгүй ч хэтдээ зөв замдаа орох эхлэлийг тавьж байгаа учраас талархахгүй юм гэхэд хүлээцтэй хандах нь өнөөдөр хамгийн зөв алхам болж байх шиг. Хэр баргийн улстөрч ирээд өөрчилөх зориг хүрэхгүй, шийдвэр гаргаж чадахгүй 30 жил “завхарсан” хотыг Д.Сумъяабазараар цэгцлүүлэх гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гал атгуулсан байж магадгүй юм.

Э.ТЭРГЭЛ

3 САНАЛ

  1. Ер нь бол алдаа оноотой ч гэсэн хичээж л байгаа хүн. Бусдын эрх ашиг, буруу аргаар хийж заншсан үйлдлийг таслахаар боож үхэх гээд хэвлэлээр элдвээр нүдэж байгаа ноход ч бий.
    Гэхдээ бас азгүй хүн. Ковид-19, үер, утаа, түгжрэлийн голомтод үед таарцан хахаха

  2. Сумьяабазааа чи анхнаасаа яах гэж зөвшөөрөл өгсөн юм бэ. Өчнөөн олонхүний амьдрал, ажлаар тоглоод, дарга юм бол дөрга шиг шийдвэр, зөвшөөрөл өгсөн, авсандаа байлдаа

  3. Энэ барилгыг нураагаад хог хаягдлыг нь хаана байршуулах вэ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу