Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр голын гольдрил өөрчилсөн “Шунхлай” шатахуун түгээх станц, “S Outlet” дэлгүүр, “Aqua garden” хотхоныг буулгахаар болсноо зарласан. Энэ хүрээнд өчигдөр Хотын орлогч Ж.Сандагсүрэн дээрх газруудад албан тоот хүргүүлж, буулгах ажил эхэлж байгааг сануулав.

Энэ үеэр орлогч Ж.Сандагсүрэн “Aqua garden” хотхоны захиалагч иргэдийг нэн тэргүүнд хохиролгүй болгох ёстой. Ямар нэгэн байдлаар бид шийднэ. Иргэдийн хохирлыг төсвөөс шийдэж таарах байх” гэж хэлсэн нь гал дээр тос нэмэв. Хотын орлогчийн хэлсэн үгийг Хотын даргын үг гэж ойлгох нь гарцаагүй. Тиймээс иргэд “Өөрсдөө сонголтоо хийж, голын гольдрил өөрчилсөн газарт байр захиалсан хохирлыг яахаараа бидний татварын мөнгөөр төлдөг юм бэ” хэмээн бухимдав.

Харин Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Эрүүл, аюулгүй орчныг нэн яаралтай бүрдүүл гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн захирамж гаргасан. Мэдээж зөвшөөрөл олгосон албан тушаалтан, ААН аль алийг нь хуулийн байгууллага шалгана. Буруутай этгээдээр гарсан зардал, нөхөн төлбөрийг төлүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Хотын дарга болон орлогчийн байр суурь ийм зөрүүтэй гарсан. Ямартай ч асуудлаа бүрэн ойлголгүй яаран “үг алдсан” Хотын орлогч Ж.Сандагсүрэн амны алдаа гаргасан байна.

Сангийн сайд Б.Жавхлан Хотын орлогч Ж.Сандагсүрэнд хаяглан “Төрийн хариуцлагатай албан тушаалтан хашиж байж ингэж амны зоргоороо мэдэгдэл хийж болдоггүй юм. Тэр тусмаа төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр. Нийслэлийн албан ёсны байр суурь биш гэж найдъя. Төсөв батлах онцгой эрх зөвхөн УИХ-д байдаг юм. Төрийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө гэж байдгийг сануулъя” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Асуудлаа бүрэн ойлгож, Хотын даргатайгаа уулзаж, байр сууриа нэгтгэхгүй “том” толгойлж мэдэгдэл хийх нь эргээд засаж болохгүй том алдаа, хор уршигтай байдгийг Сандагаа орлогч санаж явахад илүүдэхгүй биз ээ.

Э.БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу