Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад хүрэлцэн ирж, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Айлчлалын хөтөлбөр ёсоор түүнийг албан ёсоор угтан авах ёслол Бямба гариг (2023.09.02)-т 09.00 цагт Сүхбаатарын талбайд болно.

Католик сүмийн 266 дахь тэргүүн Пап Францис (Хорхе Марио Бергольо) 1936 оны арванхоёрдугаар сарын 17-нд мэндэлсэн, өдгөө 86 настай. Аргентин улсад, итали цагаачийн гэр бүлд төрсөн түүнийг 2013 онд Папаар сонгосон. Тэрбээр XII зуунд амьдарч байсан Ассисийн Гэгээн Францисыг дурсан нэрийг нь авчээ.

Уламжлал ёсоор өмнөх Пап лам нас барсны дараа шинэ Папыг сонгодог. Харин Францисын өмнөх Пап католик шашны 600 жилийн түүхэнд анх удаа ажлаа хүлээлгэн өгснөөр Пап Францисыг сонгожээ.

Эзэмшсэн боловсрол:

1986 онд ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг

1970-1971 онд Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг

1967-1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг

1963 онд Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг

1958-1960 онд Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан

1955-1958 онд Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн

Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн

Ажилласан байдал:

2013 оны 3 дугаар сарын 13-нд 266 дахь Пап-аар сонгогдсон

2001-2013 онд Гэгээн Ширээт Улсын кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд тус тус ажилласан

1998-2001 онд Буэнос Айресын тэргүүн хамба

1992-1998 онд Буэнос Айресын хамба

1986-1992 онд Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан

1980-1986 онд Сан Хосегийн коллежийн ректор

1973-1979 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн

1969-1973 онд Аргентин дахь Иезутын нийгэмлэгт ажилласан

1969 ондонд сахил хүртсэн.

1964-1966 онд Санта Фе, Буэнос Айрес хотын католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш

1958 онд Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн

Испани, итали, герман хэлтэй.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу