Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нийгмийн сүлжээнд үе үе өөрийн үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг идэвхтэй сошиалчин. Тэрбээр хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Б.Энх-Амгалангийн цахим хуудсаараа дамжуулан дэвшүүлсэн мэндчилгээ агуулга, хэлбэр нь авцалдахгүй байгаа талаар бичиж, Боловсрол, шинжлэх ухааны сайдыг шүүмжлэв.

Тэрбээр өнөөдөр (2023.09.01) өөрийн цахим хуудастаа “Сургалтын агуулга, хэлбэрийг шинэ цагт нийцүүлэн өөрчлөх, дэвшилтэт зүйл боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх гэж зүтгэж буй Энх-Амгалан сайдын ажлыг би хувьдаа дэмждэг.

Харин энэ зургийг ойлгох гээд чадсангүй. Лениний сургааль, улаан бүч гэх мэт нь хуучин нийгмийн агуулга, хэлбэр биз дээ. Ажил, пиар хоёр авцалдсангүй” гэж бичжээ.

С.Баяр сарын өмнө Олон улсын Монгол судлалын холбооны хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулууныг чөлөөлж, оронд нь МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилогдсоныг таатай хүлээж аваагүйгээ илэрхийлсэн билээ.

Тэрбээр “С.Чулуун муу, сайн хэлүүлдэг ч эрдэмтэн хүн. Оронд нь очиж буй гэх хүнийг гадаадад бүү хэл, дотооддоо ч мэдэхгүй. Монгол судлал гэдэг шинжлэх ухаан байхаас гадна дипломат бодлогоо хэрэгжүүлэх чухал суваг. Бидэнд гялалзсан өнөөдөр байхгүй ч гайхамшигт түүх, соёл бол бий. Хэл ус, эрдэм боловсрол, харилцах увидас ухаан, мэдлэг чадвартай хүн манайд зөндөө шүү дээ, уг нь” гэж байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу