Хятадын орон нутгийн нэгэн зоогийн газар үйлчлүүлэгчдэдээ нэгэн ер бусын үйлчилгээ санал болгож эхэлсэн байна. Тус зоогийн газрынхан “Хоол идсэний дараа та үсээ угаалгаж, үсэндээ шингэсэн хоолны үнэрийг арилгах боломжтой” гэж “ухуулж” буй талаар Тайванийн мэдээллийн “SET iNews” суваг мэдээлжээ.

Энэхүү ер бусын үйлчилгээний туршилтыг Вуси дахь “HaiDiLao” компани хийж байгаа аж. Хэрэв туршилт амжилттай болвол алдартай нийтийн хоолны сүлжээний бусад цэгүүдэд нэвтрүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Одоогийн байдлаар энэхүү үс угаах үйлчилгээг зөвхөн тодорхой тооны, үнэнч бөгөөд олон оноо цуглуулсан байнгын үйлчлүүлэгчид авах боломжтой ажээ. Энэ үйлчилгээ тун удахгүй Хятадын зоогийн газруудад дэлгэрнэ гэдэгт олон хүн итгэж буй юм байна.

Толгой угаах үйлчилгээг үсчин гоо сайхны мэргэжлийн, туршлагатай ажилтнууд гүйцэтгэж буйн зэрэгцээ үйлчлүүлэгчдэд массаж хийлгэх боломж ч олгож буй аж.

Хэвлэлийн мэдээнд, “Энэхүү шинэ үйлчилгээг авсан үйлчлүүлэгчид баяртай байна. Энэ нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцэж буй бөгөөд ялангуяа урт үстэй эмэгтэйчүүдэд “гал тогооны үнэр”-ээс хялбар салахад нь туслах онцгой ач холбогдолтой” гэжээ.

Эх сурвалж: AIF
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу