Хүн бүрийн дотор намрын эхний өдрийн нандин дурсамж одоог хүртэл байсаар буй. Та бидний хүүхэд насны хамгийн аз жаргалтай мөчүүд энэ өдрөөс эхэлсэн байдаг. Дэвтрийн цагаан цаас шиг насны хамгийн сайхан дурсамж сурагч нас минь.

Анхны “А” үсэг, анхны инээмсэглэл, анхны итгэлийг бэлэглэсэн ачтан бол “багш”. Бид энэ удаа цэцэрлэгийн, ерөнхий боловсролын сургуулийн, их сургуулийн багш нараас дараах ярилцлагыг бэлтгэлээ. Тэд өөрсдийн сурагч нас болон багш болсон анхны өдрөө дурсан ярьсныг хүргэж байна.


“НЭГДҮГЭЭР АНГИД ОРОХОД ЭЭЖ, ААВ МААНЬ ӨӨР СУРГУУЛИЙН НЭЭЛТЭД ОЧИХ ГЭЭД НАМАЙГ ТАНЬДАГ ХҮНТЭЙ ХАМТ ЯВУУЛЧИХСАН”

“Гэгээн ертөнц” цэцэрлэгийн арга зүйч Б.ЗОЛЗАЯА

-Сурагч насныхаа анхны есдүгээр сарын 1-ний дурсамжаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Нэгдүгээр ангид, анх шинэ сургуульд орж байсан маань хэзээ ч мартагддаггүй юм. Манай ангийнхан бэлтгэл ангидаа хамт сурцгаачихсан, нэгнээ мэддэг, би шинэ хүүхэд орж билээ. Тухайн үед ээж, аав маань өөр сургуулийн нээлтэд очих гээд намайг таньдаг хүнтэй хамт ганцааранг нь явуулчихсан. Анх олон танихгүй хүүхдүүд дунд нэрээ хэлж танилцаад л гоё ч юм шиг, ичмээр ч юм шиг, тэр мэдрэмж л үргэлж бодогддог.

-Багш болоод анхны шавь нараа угтсан, анхны хичээлээ заасан өдрийг цөөн үгээр илэрхийлэхгүй юү? Тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж ямар байсан бэ?

-Анх багш болоод, 2016 оны есдүгээр сарын 1-нд бяцхан хүүхдүүд хүлээж аваад бүгд нэгнээ танихгүй шинэ хүүхдүүдээ сандрал догдлолоор угтан авч байсан. Нандин дурсамжуудын минь нэг.

-Энэ хичээлийн жилийн эхний өдрийг угтаж буй сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцахгүй юу?
-Өнөөдөр аав ээж, өвөө эмээтэйгээ хөтлөлцөөд, гартаа цэцэг барин ирж байгаа хүүхдүүд, инээмсэглэн угтаж байгаа багш нараа харахаар хайр мэдэрч, сэтгэл огшиж байна.

-Шавь нартаа хандаж урам хайрласан нэг өгүүлбэр хэлэхгүй юү?
-Бяцхан шавь нартаа сурлага хүмүүжлийн өндөр амжилт хүсье.


“МОНГОЛ ХЭЛ, ҮНДЭСНИЙ БИЧИГ , УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛИЙГ ТЭД НАДААР ОЙЛГОЖ,
БИ ТЭДНЭЭР ОЙЛГОНО”

МУБИС-ийн харъяа ЕБС-ийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш С.БАТЗОРИГ

No photo description available.

-Та сурагч насны анхны есдүгээр сарын 1-ний дурсамж аа бидэнтэй хуваалцахгүй юу?
-Аймгийн төвийн сургуульд орж байжээ. Хөдөө өссөн хүүхдэд аймгийн сургууль нүсэр санагдаж, биеэ их л барилгүй яах вэ. Тэр сургуульд орсон түүх нь ч хөгтэй л дөө. Бүртгэл дуусчихсан байхад аав ангийн багшид цөөхөн юм “атгуулж” оруулсан юм. Дүн нь одоо бодоход инээдэмтэй л байдаг юм.

-Багш болоод анхны шавь нараа угтсан, анхны хичээлээ заасан өдрийг цөөн үгээр илэрхийлнэ үү? Тухайн үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж ямар байсан бэ?

-Сүхбаатар дүүргийн Сэлбэ сургуульд ажилд оров. Анх байгуулагдаж байгаа сургууль учир есдүгээр сарын 1-ний үйл ажиллагаанд их л хүч тавьж, анхаарал хандуулж байлаа. Тэгэхэд би бас ачаанаас нь нугалалцаж нээлтийн ажлыг хөтөлсөн хэрэг. Ай даа, мөн ч сүртэй байж билээ. Анхны хичээл арваннэгдүгээр ангид уран зохиол орсон юм. Ямар ч төлөвлөгөө, сэдэв үгүйгээр гурван давхрын шар хаалгыг татлаа даа. Ер бодоогүй байснаа “За өөрсдийгөө балар эртний хүн гэж төсөөл” гээд эхэлж байв (инээв). Гэтэл тэр хичээл их хөөрхөн хичээл болчихсон. Одоо болтол анх танилцаж буй ангидаа тэр хичээлийг ордог. Тэгэхээр тэр жилийн есдүгээр сарын 1-нд мордохын хазгай л болчихоогүй юм даг уу даа.

-Энэ хичээлийн жилийн эхний өдрийг угтаж байгаа сэтгэгдлээсээ мөн бидэнтэй хуваалцахгүй юу?

No photo description available.-Сайхан байна. Хүүхэд шуугисан их өргөөний хүн чинь (инээв) сайхан байхгүй бол горьгүй нь ээ. Гурван жил нэг ангид, нэг хүүхдэд хичээл орох гэж байна. Монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийг тэд надаар ойлгож, би тэднээр ойлгомуй.

-Шавь нартаа хандаж урам хайрласан нэг өгүүлбэр хэлэхгүй юү?
-Сортоотойхон (авхаалж самбаатай) шиг л байгаарай гэж хэлье дээ.

 


ИХ СУРГУУЛИЙН БАГШ БОЛООД, 14 ДЭХ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙ
ӨДӨРТЭЙГӨӨ ЗОЛГОЖ БАЙНА

МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, Доктор/Ph.D/ Ч.ЭНХБАТ

-Хичээлийн шинэ жилийн нээлтийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? 

-1995 оноос хойш 28 дахь есдүгээр сарын 1-нийг сургуулийн орчинд угтаж байна. Үүнээс их сургуулийн багш болоод, 14 дэх есдүгээр сарын 1-тэй золгож байгаа нь энэ.

Сэтгүүлч мэргэжил сонгон суралцаж буй эрхэм шавь нартаа 2023-2024 оны хичээлийн жилийн мэнд хүргэе! Эзэмшиж буй мэргэжилдээ эзэн байж, үргэлж үнэний магнайд байхыг хүсэн ерөөе!

Сурагчдын нүднээс баярын нулимс дусалсаар сургуулиа төгсөхөд багшийгаа, ангийн найзуудаа, эрдмийн ширээгээ үүрд дотроо нандигнан хадгалдаг билээ. Амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчүүдийг бүтээж буй нийт сурагчдадаа эрдмийн, аз жаргалын жигүүрийг ерөөе.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу