Эквадорын зургаан шоронгийн хоригдлууд 50 гаруй харуул, цагдаа нарыг барьцаалаад байгаа аж. Энэ талаар тус улсын Хорих ял эдлүүлэх албанаас мэдэгджээ.

Тус алба “Өнгөрсөн наймдугаар сарын 31-ний Пүрэв гарагийн 18:00 цагийн байдлаар 7 цагдаа, хорих ангийн 50 ажилтан, хамгаалалтын албаны 50 ажилтан зургаан цагдан хорих төвд хоригдож байгааг олон нийтэд мэдээлж байна” гэж мэдэгдсэн байна.

Тус албанаас мэдээлснээр, хууль сахиулагчид хорих ангид хориотой эд зүйлсийг хураан авах шалгалт хийх үеэр “гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд” харуул, цагдаа нарыг барьцаалжээ.

Мөн тус албанаас гэмт бүлэглэлийнхэн Кито дахь насанд хүрээгүйчүүдийн шоронд үймээн гаргахыг завдсан тухай мэдээлсэн байна. Гэмт этгээдүүдийн үйлдлээс болж хорих ангид гал гарсан бөгөөд хүний амь нас эрсдсэн тухай мэдээлэл байхгүй байгаа аж.

Эквадор улсад сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт эрс нэмэгджээ. Тус улсын эрх баригчид өнгөрсөн долдугаар сард хэд хэдэн үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан бүх хорих ангид 60 хоногийн хугацаатай онц байдал зарласан байна. Мөн өнгөрсөн наймдугаар сарын 10-нд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фернандо Вильявисенсиогийн амийг хөнөөсөнтэй холбогдуулан бүх нийтийн онц байдал зарлажээ.

Эх сурвалж: SB NEWS, ARMEN PRESS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу