Орфэй театрын бүтээл “Бүгд чамд хайртай” сэтгэхүйн комеди драм арваннэгдүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд дахин үзэгчдийн хүртээл болох нь. Энэ удаад Соёлын яамны “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд оюутан залуустаа хөнгөлөлттэй үнээр хүргэх гэж байгаа юм. Тоглолт тус өдрүүдийн 19.00 цагаас болох бөгөөд тасалбарыг https://ticket.mn/event/1300/ ээс болон СТӨ-ний билетийн касcаас авах боломжтой.

Өнгөрөгч есдүгээр сард нээлтээ хийсэн энэхүү жүжиг нь М.Батболд найруулагчийн өвөрмөц найруулга, О.Баярмагнай зураачийн гайхалтай шийдэл, жүжигчдийн сэтгэл мэдрэмжийг төгс харуулсан бүтээл юм.

Хүнлэг сайхан сэтгэл гээч хаанаас бий болдог юм бол. Сайхан сэтгэл гэгчийг бид хэн хэнээс өвлөж авдаг уу, үлгэрлэн суралцдаг уу? Бид нийгмийн бухимдал, төөрөгдөл дундаас хүн чанар, хүний сайхан сэтгэлээ авч үлдэхийн тулд сонгодог урлагийг хааяа ч болов таашааж байх нь зүй. Дэргэд байгаа зүйлсээ ч харж чадахгүй шахам төөрч алхаж буй үед энэхүү жүжгээс та нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ. 

Энэ удаад “Бүгд чамд хайртай ОПАЛ” хэмээх сэтгэхүйн комеди драмын талаар бичсэн дараах тэмдэглэлийг хүргэж байна. 

Орфэй театрын хамт олны ээлжит нэгэн гэнэтийн бэлэг бол “Бүгд чамд хайртай ОПАЛ” хэмээх сэтгэхүйн комеди драм байлаа. Жүжиг эхлэхээс өмнө үзэгчдийн суудалд суусан тул хаалттай хөшиг болон ширээн дээр байрлуулсан байшингийн загвар гэхээр зүйл л угтаж авлаа. Түүнийг ажвал хоёр талдаа шаттай хэр нь хүнсний сагс талаар нь харуулж тавьсан мэт сараалжин төмөр байх бөгөөд дотор заслын хувьд унжуулсан халтар даавуу хачин этгээд харагдуулж байлаа.

Мэдээж удаан хүлээлгэлгүй жүжиг эхэллээ. Сэтгэхүйн комеди драм төрлийн эл жүжгийн гол дүрд О.Энхтуул, бусад дүрд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, жүжигчин Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Сэргэлэн, Г.Отгонцэцэг нар тоглосон юм.

Жүжгийн нээлт болон үг хэлсэн эрхмүүдийн яриаг алгасаад, гол хэсэгтээ оръё.

“Хэзээ мөдгүй нурах болсон оромжид Опалын сайхан сэтгэлээс өөр халуу дүүгэх зүйл үгүй”
… Хатагтай Опал Кронки сэмэрч муудсан даавуу унжуулсан муухан нэгэн подвалын өрөөнд амьдардаг. Түүний амьдралд уй гашуу олонтаа тохиож, эр нөхөр болон охиноо алджээ. Тэр ядуу тарчиг амьдралдаа хань болох ганц муур болон түрдэг тэрэгтэй. Бас хогийн цэгээс түүсэн олон төрлийн сүрчгийн болон дарсны шилүүдтэй. Хэзээ мөдгүй нурах болсон эл оромжид Опалийн сайхан сэтгэлээс өөр халуу дүүгэх зүйл үгүй. Аан мөн ааг нь гарсан хуучин дүрдэг цай бий. Хуучин ч гэлээ чанартай “ориг” цай. Тэдгээрийг Кронки хадгалсаар байдаг нь өөрийнх нь мөн чанартай холбоотой. Сайн нөхрөө хэзээ ч орхиогүй үнэнч найз гэж ойлгож болно.

Кронки өөрийн амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байхаас гадна өрөөл бусдад үргэлж сайн сайхан бүхнийг хүсэгч юм.

Жүжигт гарах энэхүү дүрслэл тухайн үеийн (1960 он) Америкийн нийгмийг харуулахаас гадна хүн чанар, дүр эсгэсэн өнгөцхөн амьдрал, хүнд байж болох сайхан бүхэн гэх мэтчилэн нийгмийн олон асуудлыг багтаажээ. Опал Кронки бол бүх зүйлийг хүлцэж мэдэрсэн, цагаахан сэтгэлтэй нэгэн. Тэр хэнд ч, хэзээ ч хар буруу санадаггүй. Ийм хүмүүс бидний дунд оршсоор л буй.

Жүжгийн эхний хэсэгт гарах үйл явдал зальжин гурван этгээд Кронкигийн гэрт ирж, сүрчгийн шил хог дээрээс түүлгэх болсноор эхэлдэг. Энэ хэсэгт дүрүүдийн тар нь шууд танигдсан мэт бодол төрнө. Глориа, Брэд хоёр амар хялбар аргаар амьдрахыг хүсэгч луйварчин. Мөн Солл Босса бол бүтэл муутай бага гарын хулгайч, луйварчин. Тэд ердөө л хатагтай Кронкиг хуурч, даатгалын мөнгийг нь авах санаатай байгаагаар жүжиг эхэлнэ.

Гэрийн хэлбэрийн тухайд хажуулдаж унагасан сагс байдаг. Уг үйл явдал болон Опал Кронкигийн хувь тавилан гээд бүх зүйл дэлгүүрээс авсан бараа мэт сонголттой байсан уу гэх бодол төрнө. Үзэгчдэдээ хэлэх гэсэн санаа нь “Бүх зүйл цэвэр чиний сонголтын үр дүн” гэсэн агуулга байж болох юм. Тэгээд өөрийн сонголтоор авсан зүйлсээ сагсандаа хийгээд, өөртөө авна. Эл үйл явдал, эл амьдралыг ч тэд өөрсдөө сонгосноор жүжиг үргэлжилнэ.

Буугаа далд хий. Ямар нэг юм буудуулмаар байвал оргилуун дарс л буудуул!

Гурван луйварчин хатагтай Кронкиг нас барсных нь дараа даатгалын мөнгийг нь авахаар төлөвлөгөө зохион, байж ядна. Гэвч төлөвлөгөөний дагуу яваагүй тул Брэйд тэднээс салж, Солл, Глориа хоёр үргэлжлүүлэн амьдарна. Энэ үед байдал өөрөөр эргэнэ. Кронкигийн гэрт тэр хоёр идээшиж, үйл хөдлөл, үзэл бодол нь зөөлрөөд иржээ. Учир нь хатагтай тэднийг хайрлаж, хүндэлж байлаа. Ямар ч хулгайч, луйварчин байлаа гээд бүсгүй хүнээр үргэлж хайрлуулах аваас уярч гэсээд, хүний үнэрээ эргэн олдог ажээ.

Нэгэн өглөө Барбара \Глориа\:  Хатагтай Кронкид хэлэв.

Энэ хэд хоног бүх зүйл бүрхэг байлаа. Энэ байшин ч тэр, гадаах зүйлс ч тэр.

… Яагаад гэвэл цонх нь бүрхэг юм байна. Дараа нь би цонхоо угаасан. Угаагаад л байсан. Гэтэл гэв гэнэт тэнгэр цэлмээд, эргэн тойрон цэцэг ургаж, өнгөтэй өөр болж ирсэн. 

 Луйварчид гэрэл гэгээтэй болж байлаа. Мэдээж Хатагтай Кронки өөрийн сайхан сэтгэл, хэнийг ч үл гадуурхан, хүндлэх зан чанар нь тэднийг өөрчилж байв. Өмссөн хувцас, байгаа байдлыг нь харвал халтайсан хөгшин гуйлгачин хэдий ч хүн чанар нь гоё чамин хувцасласан өнөөх гурваас хэд дахин илүү байлаа. 

Хог дээрээс олсон тал пянз Солл, Кронки хоёрыг бүжиглүүлэх гайхалтай аязыг эгшиглүүлнэ.  Сайхан биш. Гайхамшигтай байна. Хогон дундаас олдсон, бүтэн биш ч гэлээ түүний мөн чанарыг мэдэрч чадвал гайхамшиг бүтээдгийг сургамжлах мэт. Энэ хэсгээс жүжгийн амт амтагдах шиг болно. Гэвч мэдээж гол амтандаа орох болоогүй.

Хатагтайн өөд болсон охиныг Барбара гэдэг байжээ. Барбара (Глориа) инээж эргэлдэж, баярлана. Тиймээс Глориаг Барбара гэж нэрлэнэ.
Энэ нь луйварчин хулгайчийг ч өөрийнхөө охин шиг санан хайрлаж буй сэтгэлийг нь илтгэнэ. Брэд төлөвлөгөө хэрэгжихгүй байгаад бачууран бухимдаж байлаа. Энэ үед Солл, Глориа хоёр тун зөөлөн, аз жаргалтай болсоор байв. 

Кронки бүхий л үйлдлийг нь өршөөн, тэднийг өмөөрнө. Тэр ч бүү, хэл өөрийн найз Сицилл гаралтай, цагдаа Жогоос хүртэл тэднийг өмөөрнө. Үйл явдлын төгсгөл ирэхэд хатагтай Опал амиа егүүтгэхийг оролдоно. Тэрбээр өөрийнх нь даатгалын мөнгийг л хүлээж байгааг мэдээд, тэднийг гэрээсээ явуулна. Тэд яалт ч үгүй өөрчлөгдөн, сайхан цаг эхлэх мэт болж байсан ч үнэн илчлэгдэж, бодит байдалтайгаа хүчээр эвлэрэх болжээ.

Кронки гэртээ киросин асгаж шатаагаад, өөрөө нойрны эм уусан ч азаар амьд гарчээ. Түүнийг ухаан алдан унасан хойгуур хулгайчдын тар нь танигдаж, бүр сайн найз Сицилл гаралтай цагдаа Жо-гийн нүдний өнгө улаанаар эргэлдэж, даатгалын мөнгийг нь авахаар шунана. Эцсийн мөчид ч сайхан нөхөрлөл, сайхан хайр үгүй болох боломжтой. Эсвэл хулчгар, хулгайч нэгэн ч хамгийн зоригтой алхам хийж болно.

Жүжгийн найруулгад оруулснаар “зохиол уншигч”-ийн дүр бий. Ингэснээр илүү хошин, илүү үзүүштэй болгож байсан юм.

Амьдар! Брэд.

Тэднийг хоорондоо муудалцахад хүртэл хатагтай Кронки өөрийгөө буруутгаж байсан юм. Өөрийг нь үзэн яддаг Брэдийг хүртэл тэр хайрлаж, хүү шигээ хүндэлдэг. Зохиолын эхэнд “Амьдар Брэд” хэмээн инээмсэглэн хэлдэг. 

Харин Брэд хөгийн зан гаргаж явсаар эцсийн үзэгдэлд хатагтайн нэр хүндийн төлөө даатгалын гэрээг урж хаядаг. Тэгэхээр Опал Кронки эл залууг хүндэлж хайрласаар дууссан нь хамгийн үнэн гэдгийг ойлгосон байх.

Тэрбээр зул сарын баярын өдөр бурханд хандаж, “Энэ хүмүүс чинь залуу шүү дээ. Сүнсийг нь авраач!” хэмээн гуйдаг. Чин сэтгэлээсээ сүүлийн мөчид ч тэдэнд сайн сайхныг хүссээр байлаа. Бидний нийгэмд туйлын хандсан асуудал нь хүн чанар, хүндлэл, нэг нэгнээ гэх сэтгэлийг л мэдрүүлэх гэсэн утга буй.“Амьдрах л хэрэгтэй, цаашдыг хэн ч таашгүй” хэмээн хэлээд хатагтай Опалл Кронки жүжгийн төгсгөлд тэнгэрийг зорино. Хог түүдэг, халтайсан хувцастай хөгшин гуйлгачны сэтгэл зүрх, бусдын төлөө гэх агуу их хайрыг л мэдрүүлэхийг зохиолч, найруулагч хоёр хүсжээ. Бас чанга хатуу харагдах бүхэн дотроо сэтгэл зүрхтэй бөгөөд түүнийг усалж чадвал сайн сайхан бүхэн үргэлж дагах болно гэдгийг хэлэх гэсэн биз ээ.

Зохиолын сүүлийн үг. “Бүгд бодлогошрон зогсоно”

Үнэхээр л тэд залуу хүмүүс. Цаашид ч амьдарна. Алдаж онож, баярлаж гуниглаж, бүх зүйлийг мэдэрнэ. Харин тэдэнд тохиосон хэсэгхэн энэ учрал “хайрыг, хайрлахыг” мэдрүүлсэн биз ээ. Тиймдээ ч тэд бодлогошрон зогсоно. 

Хатагтай Опал Кронки үгүй болсны дараа танхимыг тэр аяараа чимээгүй нөмөрнө.

Хатагтайн өмнө хийсэн гэм буруугаа бодоход гэмшсэндээ уйлчихмаар санагдаж буй байх, тэд. Энэ мэтчилэн нийгэмд чиглэсэн, чиглэх чиглэхдээ хамгийн чухал асуудлыг маш донжтойгоор бүтээл болгон тавьсан нь уг бүтээлийн чанар чансааг илтгэж байна. Мэдээж эцсийн хэлэмж нь “Бүгд чамд хайртай” харагдавч худал байж болно. Гэвч чи тэдгээрийг хайрласаар байвал тэр үнэн болно.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу