Үндэстэн ястан болгон өөр өөрийн заншлаар найр наадам хийх ба ажил алдан архидан согтуурахыг монголчууд цээрлэдэг. Тухайн улирлын тэгш сайн өдрүүдэд урьдаас бэлтгэн ёслол төгөлдөр найр наадам хийдэг билээ. Эдүгээ ч бид алдаг оног гэж хэлэхэд болохоор өвлөхөө өвлөж, үгүйсгэхээ үгүйсгэж яваа. Үгүйсгээд гэж хэлэхдээ соёлтойгоор чөлөөт цагаа өнгөрүүлдэг хэн бүхнийг үгүйсгэх гээгүй болно.

Сүүлийн жилүүдэд нийслэлчүүдийн найр наадам, шоу цэнгээний тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн билээ. 2000-аад оноос хэрэглээний түвшинд согтууруулах ундаа ердийн зүйл мэт тархсан. Мэдээж амьжиргааны түвшин, нийгмийн сэтгэлзүй энэ бүхэнд шууд нөлөөлсөн байдаг. Оюутан залуусын согтууруулах ундааны хэрэглээ нүдэн дээр эрс өсөж, уушийн газар ч элбэгшсэн.

Цагдаагийн байгууллагад хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 50-60 дуудлага бүртгэгддэг бол үүний 90 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаргасан зөрчил байдаг байна. Ингэхээр хэлэх шаардлагагүйгээр ахуйн архидалт, хотын шөнийн амьдрал гээд бүгд нүдэнд харагдах биз.

Соёлтойгоор хэрэглэх, соёлтойгоор шоудах зэрэг зүйлст уг нь суралцсаар л байгаа. Залуусын зохион байгуулдаг гадаад, дотоодын олон арга хэмжээнээс харахад Ардчилсан улсын залууст байх тодорхойлолтод дөхсөн байгаа юм. Тэр тодорхойлолд нь “улс орны уруудах болоод улс төрийн мунхрал залуусаас болоогүй болохоор хүний хэрэгт хошуу дүрэх хэрэггүй” гэх цагаахан гоморхол. Гэвч чихэр нь ихэдчихвэл жаахан муухай.

Энэ жил гэхэд л хавраас хойш тасралтгүй шахам тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Эдгээр тоглолт бүрийн ард хэдэн мянган залуус тасартлаа ууж, тав арваараа олон хоног цэнгэцгээсэн хэрэг

“Зуны зугаа, Хурд-30, Татар-Бороо, TripleX, XMF-Opozit Хамгийн сайхан нь” гэх мэт тоглолтууд болжээ. Цаана нь ойрын өдрүүдэд гэхэд хоёр тоглолт хүлээж байна. Тоглолт бүр хүн гишгэх зайгүй болсон. Хамгийн олон тасалбар, хамгийн их үзэгч гээд л олон рекорд эвдэж байсан. Жил жилийг бодвол энэ удаад хамтлаг, дуучид болгон л тоглолт хийх шинжтэй. 

Мэдээ мэдээллээс харахад үнэхээр сайхан тоглолт болсон ч бодит байдал нь хаалга үүд нь эвдрэх шахам чихэлдэж, нойлын гадна дотно нэлээн хэцүү харагддаг. Тэгээд шар айраг ууцгааж, тамхи татаж шорлог иднэ. Мөн хөгжмийн доргио хэмнэлд хөөрсөн залуус гартаа барьсан шар айргаа цацаж харагдана. Зарим нэг нь хаа нэг булан бараадаж тасарсан хэвтэнэ. Хажууд нь нэг нь бөөлжинө. Бас хааяа зодоон цохион гарна.

Иймэрхүү үзэгдэл энгийн мэт бөгөөд нэг удаагийн тоглолт дээр гараад өнгөрч болох. Гэхдээ зуны турш ийм байсан гээд бодохоор Нийслэл хот маань аль нэг зүйлд буруу хөгжөөд байх шиг. Хүүхэд залуусын ихэнх нь зуны тоглолт арга хэмжээнд очдог. Тэдний эрхийг үгүйсгэх, хааж боох гэсэн хэрэг биш ч гэлээ зунжин намаржин ингэж наргиад, их сургуулийн хэдэн сар ч мөн кафе, лоунжаар дүүрэн сууцгаахыг эрх чөлөө гэж хэлмээргүй байгаа юм.

Буруу эдэлж будаг шунх цуглуулбал бийрийн үс зүү шиг хатах аюултай.

Ганц төв цэнгэлдэх хүрээлэн гэлтгүй хот хөдөөгийн олон арга хэмжээ, найр наадам энэ зун болж өнгөрлөө. Аймгуудын 100 жил, гадаад дотоодын фестиваль гээд зуны сар зургаа юм шиг наадамласан байгаа юм. Өмнөх жилүүдийг бодвол зохион байгуулалт, техник хэрэгсэл харьцангуй сайжирсан нь магтууштай. 

Харин намрын өдрүүд хаяанд ирчихлээ. Бидэнд мартах ёсгүй, уучилж болохгүй, өөрчлөх ёстой асуудал олон бий шиг санагдах юм. Дан залуус бол өөрсдийн амар тайван байдалдаа улс төр мэтийн асуудал оролцуулах дургүй. Цаг нь болохоор оролцох ч гэлээ асуудлыг шийдэхээр жагсах, нэгдэх гэх мэтэд жаахан хойрго ханддаг нь худал биш. Хаашдаа нэгдээд ч, жагсаад ч шийдэгдэхгүй гэдгийг мэдэж байгаа хэрэг. 

Зуны улирлаа сайхан өнгөрүүлээд хүйтэнтэй золгосон чинь асуудал харин ч улам гаарчихсан байвал монголчууд цөмөөрөө нэг уулга алдан дуугарах вий.

Бачимдаж уурлаж, голж шилж гарах вий. Олон шийдвэр өөрчлөлт, хууль дүрмийг найр наадам давхцуулаад өөрчилчихсөн байвал нэг удаа хараад хэсэг гайхах биз. Тэгж байтал ашгүй хавар болж буцаад баяр наадам мартагнал эхэлнэ дээ.

Ингээд л та бидний тойрогт орсон эрх чөлөөт ардчилсан нийгэм сайхан харагдсан муухай хэвээрээ оршсоор байх ажээ.  

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу