Монгол Улс Гэгээн ширээт улстай дипломат харилцаа тогтоосон 31 жилийн хугацаанд анх удаа тус улсын төрийн тэргүүн, Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголио наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.

Энэхүү айлчалын үр дүнгийн талаар Дэлхийн Монгол гарал үүсэлтний төвийн тэргүүн доктор, профессор О.Нямдаваатай ярилцлаа. Тэрбээр Монголын ил хаадын талаар судалгаа хийж, ном бичсэн, түүх судлаач, эрдэмтэн хүн юм.


Ярилцлагынхаа өмнө Ромын Папын талаар судлаачдын өгсөн тайлбарыг товчхон хүргэе.

  • Ромын папын айлчлалыг Гэгээн ширээт улсын төрийн тэргүүний айлчлал, нөгөө талдаа шашны тэргүүний айлчлал гэж харж болно. 
  • Ромын пап Христийн шашинтай бүх хүнийг төлөөлдөггүй. Христийн шашин нь дотроо католик, протестант, ортодокс гэсэн гурван чиглэлтэй. Үүний зөвхөн католик чиглэлийг төлөөлдөг. Христийн шашны католик чиглэлийн тэргүүн нь Ромын пап юм.
  • Гэгээн Ширээт Улс Ватиканыг удирдах шашны хэмжээгүй эрхт засаглалын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар орших бүх католик сүмийн үйл ажиллагаа, санваартан, хамба томилох, шашны үйл ажиллагаа явуулах эрхтэй. Мөн НҮБ болон олон улсын байгууллагуудад Ватикан улсыг төлөөлөх, дэлхийн улс орнуудтай албан ёсны дипломат харилцаа тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг.
  • Ватикан Итали улсын нийслэл Ром хотын дотор 44 га буюу 0.44 км² талбай эзлэн орших тусгаар тогтносон “хот улс” юм. Дэлхийн хамгийн жижиг, цөөн хүн амтай улс гэгддэг бөгөөд Ромын Католик шашны төв.

-Ромын Пап манай улсад айлчлаад буцлаа. Айлчлалаас та юу хүлээж байв?

-Гэгээн Ширээт Улс, Монгол Улс хоёрын хооронд дипломат харилцаа тогтоогоод 31 жил болж байна. Гэхдээ үүнээс өмнөх хоёр улсын хоорондын хэлхээ 800 гаруй жилийн түүхтэй юм. Энэ олон жилийн хугацаанд Ватиканы хамба лам, дээрхийн гэгээнтэн хүн Монголд айлчилж байгаагүй. Харин түүний бие төлөөлөгчид нь хэд хэдэн удаа айлчилж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэх, бие биенээ хүлээн зөвшөөрөх талаар мэдээлэл солилцож байсан гэдэг.

Тодруулбал, Их эзэн Чингис хаан 1223-1224 оны хооронд бүх газар нутгаа дөрвөн хэсэгт хувааж, том хүү Зүчидээ Ижил мөрний орчмыг, Цагаадайд Төв Азийг тэр чигээр нь, Тулуйгийнханд өнөөгийн БНХАУ-ыг өгсөн. Тулуй хааны гуравдагч хүү Хүлэгт мөн нутаг хуваарилсан. Эл хаадууд бусад улс орнуудыг эзлэхдээ өөр өөр шашин шүтэж байсан юм. Христийн, бурхны, исламын гээд. Ихэнх нь исламын буюу лалын шашныг шүтдэг байсан. Тэр үед шашны ямар нэгэн хориг байгаагүй.

Зүчи болон Батынхан Европ руу дайраад, Ижил мөрний эхээр байгаа улсуудыг эзэлсэн. Одоогийн Орос, Румыныг гэсэн үг. Үүнд Ромын хамба лам “Монголчууд Азийн улсуудыг эзлэхээс гадна Европын төв рүү ороод ирж байна, зогсоох хэрэгтэй” гэж санаа зовж эхэлсэн. Улмаар зогсоохын тулд өөрийн элч төлөөлөгчөө явуулахаар шийдэж, 1246 онд анхны элчээ явуулсан байдаг. Ингэж манай хоёр улсын харилцаа эхэлсэн түүхтэй.

Энэ удаагийн айлчлал түүхэн талаасаа ч, шашин талаасаа ч маш чухал ач холбогдолтой юм.

Мөн манай хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-д католик шашинтай хүн олон бий. Эдгээр хүмүүс энэ боломжийг ашиглаад, Монголд ирэх байх гэж бодож байлаа. Яах ч аргагүй олон хүн ирлээ. Ийм гайхалтай үйл явдлууд сүүлийн дөрөв хоног болж, өнгөрлөө. 

Пап Францис манай улсад айлчилснаар дэлхийн католик шашинтай бүх хүний анхаарал Монгол руу чиглэлээ. 

-Айлчлалаар Ромын Папын хэлсэн үг олны анхаарлыг их татлаа. Түүний хэлсэн үгийг сонсоод та юу гэж дүгнэсэн бэ? 

-Социализмын 70 жилд хамгийн бүдүүлэг, соёлгүй, алан хядагч гэж үзэгддэг байсан монголчуудыг 1.5 тэрбум орчим хүмүүсийг төлөөлдөг Ромын Пап ламтан цоо шинээр харж, “Агуу тансаг соёл, түүхтэй, оюун санааны эрх чөлөөтэй, өнө эртний орон” гэж дэлхий дахинд шинээр таниулж өглөө.

Ингэхдээ тэр ”Хараа дээгүүр, толгой цэх байж өргөн уудмыг тогтоон тольдож байхыг Монголын хаад сургасан байсан” гэж хэлсэн нь бидэнд нэгийг бодогдуулж, өвгөдийн сургаалыг сануулах шиг.

Мөн яруу найрагч О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” гэдэг шүлгийг эш татаж, монгол хүний уужуу тайван гүн ухааныг онцолсон нь гайхалтай байлаа.

Монгол гэрийг, зочин гийчинд хаалга үүд нь үргэлж нээлттэй байдаг монгол ахуй, зан заншил, философийг онцолсон.

Эцэст нь хэлэхэд, авлига, хээл хахууль гэдэг зүйл бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэднэ гэдгийг тэр эвтэйхэн санууллаа. Өөрөөр хэлбэл, авлига, хээл хахуулиа арилгахыг дэлхийн 1.5 тэрбум хүн биднээс шаардаж байна гэж давхар ойлгох хэрэгтэй гэж бодож байна.

-Танд баярлалаа. 

Х.Түшиг

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу