Боловсрол, шинжлэх ухааны яамнаас багш нарын цалинг, нийгмийн баталгааны талаар мэдээлэл өгч байна. /2023.09.04/

Шууд дамжуулалт үзэх:


Мэдээлэл хүргэхийн өмнө БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн багш нарын цалингийн талаар ярьсан бичлэгийг үзүүлэв.

Дараа нь Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Цахим сүлжээнд Л.Энх-Амгалан сайдыг багш нарын дундаж цалин 2,5 сая төгрөг гэж хэлсэн мэтээр мэдээлэл цацаж байна. Сайд ийм үг хэлээгүй гэдгийг анхаараарай. Бичлэгт Засгийн газрын есдүгээр сарын 1-ний тогтоолоор гүйцэтгэлийн үнэлгээгээр нэгдүгээр түвшний нэгдүгээр индексэд үнэлэгдсэн багшийг 50 хувийн урамшуулал авах боломжийг нээлээ. Ингэснээр 50 хувийн урамшуулал авч байгаа багшийн цалин 2 сая 673 мянган төгрөгөөс эхлэх боломж бий болж байна гэж сайдын үг дуусаж байна.

Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлавал, 2021 он буюу түүнээс өмнө сургалтын байгууллагын цалингийн бүтэц тогтмол зардал, хувьсах зардал гэсэн хоёр бүрэлдэхүүнтэй байсан. Өнгөрсөн хичээлийн жилээс үүн дээр гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилт гэх бүтцийг нэмж, оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, хоёрхон бүтэцтэй байсан боловсролын салбарын цалингийн тогтолцоог гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилтийг нэмж, гурван бүтэцтэй болгосон.  Мөн хувьсах зардал нь дотроо гурван бүрэлдэхүүнтэй байсныг нэмж, арав болгосон.

Засгийн газрын 2023 оны 241-р тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин хамгийн бага нь 1 сая 273 мянган төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багшийн цалин 1 сая 337 мянган төгрөг болсон.

Үүн дээр нэмээд, дараах нэмэгдлүүдийг авдаг. 

  • Мэргэжлийн зэрэг: Зөвлөх-20 хувь, Тэргүүлэх-15 хувь, Заах аргач-10 хувь (Нийт багш нарын 58-62 хувь нь авч байна)
  • Докторын зэрэг: 20 хувь (Нийт багш нарын 0,8 хувь нь авч байна)
  • Орон нутгийн: аймгийн төв-8 хувь, сумын төв-10 хувь (Нийт багш нарын 58 хувь нь авч байна)
  • Ур чадварын: 5-25 хувь (Нийт багш нарын 21 хувь нь авч байна)
  • Төрийн алба хаасан: Ажилласан жил тутамд-1 хувь (Нийт багш нарын 88 хувь нь авч байна)

Үүн дээр нэмээд,

  • Анги даасан: 10 хувь,
  • ЗАН удирдсан бол 5 хувь
  • Кабинет лаборатори хариуцсан: 5 хувь
  • Илүү цаг: үндсэн цалин, нэмэгдэл 1,5
  • Бусад нэмэлт чиг үүргийн нэмэгдэл авч байгаа.

Харин 2022 оноос хойш нэмэлтээр орж ирсэн гүйцэтгэл, үр дүнгийн урамшууллыг дараах аргаар бодож, олгодог. Тухайлбал, 

  • I индекс /25 хувь/ – 947 багш
  • II индекс /20 хувь/ – 2982 багш
  • III индекс /15 хувь/ – 3351 багш
  • IV индекс /10 хувь/ – 5016 багш
  • V.VI индекс – 17028 багш авдаг болсон.

Дээрх нэмэгдлийг 2023-2024 оны хичээлийн жилээс дээд тал нь 50 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. 

Мөн нэг багш нэг жилд,

  • Хичээл практикийн зардал: 300,000 – 400,000
  • Мэдээлэл технологийн зардал: 150,000 – 250,000
  • Багшийн хөгжлийн дэмжих зардал: 185,000 – 280,000
  • Эрүүл мэндийг дэмжих зардал: 100,000 төгрөг авдаг.

Ингээд тооцвол нэг багш сард дунджаар 2,5 сая төгрөгийн цалин авах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу