Украины Батлан ​​хамгаалахын сайд Алексей Резников огцрох өргөдлөө Дээд Радад өргөн барьсан байна. Тэрбээр фэйсбүүк хуудастаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн шийдвэрийн дагуу тус улсын Дээд Радад огцрох өргөдлөө өглөө” гэж бичжээ. Улмаар холбогдох мэдээллийн зургийг нийтэлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Даваа гаригт Резниковыг огцруулж, оронд нь Төрийн өмчийн сангийн тэргүүн Рустем Умеровыг томилох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ. Одоо Резниковыг огцруулах шийдвэр, мөн Умеровыг томилох шийдвэрийг Дээд Рада эцэслэн батлах юм байна.

Украины төрийн тэргүүн өнгөрсөн Ням гаригт ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ, Батлан хамгаалахын сайд Олексий Резниковыг огцруулж, түүний оронд тус улсын Төрийн өмчийн сангийн тэргүүн Рустем Умеровыг томилох хүсэлтийг энэ долоо хоногт парламентад хүргүүлнэ гэж мэдэгджээ.

О.Резников 2021 оны арваннэгдүгээр сараас хойш Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа өрнөдийнхнөөс олон тэрбум ам.долларын цэргийн тусламж авахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнийг БХЯ-тай холбоотой хээл хахуулийн хэрэгт холбогдуулан огцруулж байгаа бололтой.

В.Зеленский “Би Украины Батлан хамгаалахын сайдыг солихоор шийдлээ. Тус яамны цэрэг-армийн ажиллагаа болон нийгэмтэй харилцах харилцаанд шинэ хэлбэр, арга барил хэрэгтэй гэж би бодож байна” гэж хэлжээ.

Р.Умеровын хувьд Крымын татар гаралтай, 41 настай. Парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2022 оны есдүгээр сараас хойш Украины Төрийн өмчийн санг удирдаж буй аж.

Эх сурвалж: TASS, REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу