Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар хүрэлцэн ирсэн байна. “Акшам” сонинд мэдээлснээр, Туркийн Ерөнхийлөгчийн онгоц Москвагийн цагаар 12:15 цагт газарджээ.

Туркийн удирдагчийн ажлын албаны эх сурвалж өмнө нь хоёр удирдагчийн хэлэлцээ Москвагийн цагаар 13:00 цагт эхэлнэ гэж мэдээлсэн байна. Энэ удаа тэдний хэлэлцээний гол сэдэв үр тарианы асуудал байх аж.

Эрдоган есдүгээр сарын 5-нд Туркийн засгийн газрын гишүүдтэй ОХУ-д хийсэн айлчлалынхаа үр дүнг хэлэлцэх бодолтой байгаа юм байна.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өнгөрсөн сард “Зөвхөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган л ОХУ-ыг Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгад эргүүлэн оруулж чадна” гэж мэдэгдэж байв.

Тэрбээр “Ukrinform” агентлагт ярилцлага өгөхдөө “Манай улс Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг эргүүлэн оруулах асуудлаар Р.Эрдогантай хамтран ажиллаж байна. Тэр В.Путиныг гэрээнд буцаан оруулж чадах цорын ганц хүн” гэж хэлжээ.

Оросын тал өнгөрсөн долдугаар сарын 17-ны өдөр “Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээнд тусгасан тус улстай холбоотой нөхцөлүүд хэрэгжихгүй байгаа”-г мэдэгдээд, уг гэрээнд оролцохоо түр зогсоосон. Өнгөрсөн оны долдугаар сард Истанбул хотноо Турк, НҮБ, Орос, Украины байгуулсан уг гэрээ Украины боомтуудаас үр тарианы экспортыг үргэлжлүүлэх зорилготой юм.

Туркийн тал “Барууны орнууд Оросын талаас гаргаж буй гомдлуудыг барагдуулах тал дээр ажиллах нь зүйтэй” гэж мэдэгдээд, Орос улс гэрээнд эргэн нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн билээ.

Эх сурвалж: TASS, ANADOLU
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу