НАСА-гийн “SpaceX Crew-6” багийнхан Даваа гарагийн өглөө НАСА-гийн “SpaceX Dragon” сансрын хөлгөөр Флорида муж улсын Жаксонвилл хотын эргээс холгүй газардсан байна.

Олон улсын дөрвөн хүний ​​бүрэлдэхүүнтэй баг тойрог замд 186 хоног ажиллажээ.

“SpaceX Crew-6” багийн гишүүд болох НАСА-гийн сансрын нисгэгч Стивен Боуэн, Вуди Хобург, Арабын Нэгдсэн Эмират Улсын сансрын нисгэгч Султан Алнеяди, ОХУ-ын “Роскосмос”-ын сансрын нисгэгч Андрей Федяев нар орон нутгийн цагаар (EDT) 12:17 цагт эх дэлхийдээ буцаж иржээ.  

Тэд Хьюстон дахь НАСА-гийн Жонсон сансрын төв рүү нисэх юм байна.

НАСА-гийн захирал Билл Нельсон “SpaceX Crew-6” багийнхан Олон улсын сансрын станцад (ОУСС) зургаан сар ажиллаж, 127 сая орчим км зам туулж, хүн төрөлхтний тусын тулд шинжлэх ухааны олон зуун туршилт хийсний дараа эх дэлхийдээ буцаж ирлээ. Энэхүү олон улсын баг гурван улс үндэстнийг төлөөлж байна.

Тэд хамтдаа сансар огторгуйн шинэ орон зайд хүрэх гэсэн хүн төрөлхтний хүсэл эрмэлзлийг илтгэн харуулж чадлаа. НАСА-гийн “Артемис” төслийн хүрээнд Сарыг эзэмших, цаашлаад Ангарагт хүрэх бэлтгэл ажлыг хангахад “Crew-6″ багийнхан чухал хувь нэмэр орууллаа” гэж хэлсэн байна.

“Crew-6” багийнхан 2023 оны гуравдугаар сарын 2-нд Флорида дахь НАСА-гийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX Falcon 9” пуужингаар хөөрсөн билээ.

Эх сурвалж: NASA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу