БНХАУ-ын Бээжин хотноо Олон улсын худалдаа, үйлчилгээний чуулга уулзалт болж байна. Энэхүү чуулга уулзалтад дэлхийн 75 орны 2200 гаруй бизнес эрхлэгч, компанийн төлөөлөл оролцож байгаа бөгөөд уулзалт энэ сарын 2-ноос 6-ны хооронд үргэлжилнэ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Нээлттэй байдал хөгжилд хөтөлнө, хамтын ажиллагаа хожил авчирна” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй тус чуулганы үеэр зайнаас үг хэлэв. Тэрбээр дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны хувьд дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд нээлттэй, хамтарсан эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ гэсэн байр суурь илэрхийлжээ.

Ши Жиньпин дэлхийн улс орнууд худалдааны харилцаагаа өргөжүүлэхийг хүсвэл үйлчилгээний салбарыг түлхүү дэмжих шаардлагатайг онцолжээ.

Хятадын удирдагч “Өсөн нэмэгдэж байгаа үйлчилгээний салбарыг бэхжүүлэхийн тулд дижиталчлал, ногоон эрчим хүч төвтэй технологи, инновацыг дэмжих, бизнесийн шинэ хэлбэрүүдийг хөгжүүлэх нь эдийн засгийн даяаршлын гол түлхүүр юм. Эдийн засгийн даяаршлыг энэ мэт аргаар дэмжих нь дэлхийн эдийн засаг тогтворжих үндэс суурь” гэжээ.

БНХАУ “Нээлттэй хаалга”-ны бодлого хэрэгжүүлж эхэлсний 45 жилийн ой энэ жил тохиож буй аж. Ши Жиньпин үүнийг тохиолдуулан, энэ удаагийн чуулганы хүрээнд дэлхийн бүх улс оронтой нээлттэй, харилцан ашигтай худалдааны хамтын ажиллагааг өрнүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцолсон.

Тэрбээр олон улсад өргөжүүлэн тэлэх сонирхолтой байгаа ногоон эрчим хүч, технологийн салбараас гадна харилцаа холбооны салбар, аялал жуулчлал болон бусад мэргэжлийн салбарыг дэмжих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн “Бүс ба зам” санаачилгын хүрээнд үйлчилгээний худалдаа болон дижитал худалдааг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаараа мэдээлжээ. Ши Жиньпин чөлөөт худалдааны бүсийн ач холбогдол болоод эдийн засгийн хувьд тусгаарлагдмал байхын аюулын талаар үзэл бодлоо илэрхийлсэн байна.

ШИ ЖИНЬПИН “ХОРИЙН БҮЛЭГ”-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ АЛГАСНА

Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Шинэ Дели хотноо энэ долоо хоногт болох “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтад Ши Жиньпин улс орноо төлөөлөн оролцох төлөвтэй байна гэж мэдээлсэн билээ. Гэвч БНХАУ-ын дарга Ши Жиньпин Энэтхэг улсад болох дээд хэмжээний уулзалтыг алгасахаар шийдвэрлэсэн байна.

Ши Жиньпин “Хорийн бүлэг”-ийн уулзалтад оролцохоор Энэтхэгийн нийслэлийг зорино гэж урьд нь мэдэгдэж байсан боловч Хятадын Гадаад хэргийн яам өнгөрсөн пүрэв гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр тодорхой зүйл дурдаагүй байна.

Хятад, Энэтхэгийн харилцаа таагүй байгаа үед дээрх мэдээ цацагдлаа. Тухайлбал, хоёр орон Хималайн бүс нутаг дахь маргаантай бүсийн асуудлаар сөргөлдөж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд, Аруначал-Прадеш муж болон Аксай Чин өндөрлөгийг Хятадын нутаг дэвсгэрт хамааруулан дүрсэлсэн газрын зургийг хэвлэсний дараа Энэтхэг улс эсэргүүцлээ илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн Ням гарагт сэтгүүлчдэд “Ши Жиньпин “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох бодолгүй байгаад би хувьдаа сэтгэл дундуур байна. Гэхдээ түүнтэй уулзах болно” гэжээ. Хоёр орны удирдагчид хамгийн сүүлд өнгөрсөн онд Индонезид болсон дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм.

Ши Жиньпин, Ж.Байден нарын хувьд ирэх 11 дүгээр сард Сан-Франциско хотноо болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ гишүүн орнуудын удирдагчдын уулзалтын үеэр уулзах боломжтой.

Хоёр удирдагч өнгөрсөн 11 дүгээр сард Бали арал дээр уулзсанаас хойш хоёр сар орчмын дараа Хятадын тагнуулын гэгдэх агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ниссэн нь хоёр талын харилцаа сэргэнэ гэх найдлагыг бүдэгрүүлсэн байна.

Ши Жиньпин Бээжинг хөгжиж буй дэлхий ертөнцийн манлайлагч хэмээн харуулж, Вашингтоны тэргүүлдэг дэлхийн дэг журмаас өөр хувилбар бий болгохыг дэмжсээр буй. Тэрбээр өнгөрсөн сард ӨАБНУ-д айлчилж, БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчидтай уулзахдаа барууны “ноёрхлыг” шүүмжилж, хөгжиж буй орнуудыг “колоничлолын дөнгөнөөс салахыг” уриалжээ.

БРИКС нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн хөгжиж буй таван орны бүлэг билээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар, ирэх нэгдүгээр сард Аргентин, Египет, Иран, Этиоп, Саудын Араб, АНЭУ гэсэн зургаан улс түүнд шинээр нэгдэх гэж байгаа нь Бээжингийн хувьд дипломат ялалт болох юм.

Эх сурвалж: ВВС, XINHUA
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу